Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2018-06-09 19:04:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 6 дугаар сарын 9-10-ны өдөр БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд БНХАУ-ын Дарга Си Жиньпиний урилгаар оролцож байна. 
 2001 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орноор Казахстан, Киргиз, Орос, Пакистан, Тажикистан, Узбекистан, Хятад, Энэтхэг гэсэн 8 улс албан ёсоор багтдаг бол ажиглагч орноор Афганистан, Беларусь, Иран, Монгол Улс байдаг билээ. Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалт хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 09-ний өдөр буюу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзсанаар албан уулзалтаа эхлүүлсэн бол мөн өдөр Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Руханитай уулзав.
Манай улсын хувьд анхаарал татах гол уулзалтын нэг гэж хэлж болох ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хоёр талт уулзалтыг өнөөдөр 18.00 цагт хийнэ. Хоёр улсын албан ёсны уулзалтад ОХУ-ын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Зам тээврийн сайд Е.И.Дитрих нарын албаны хүмүүс оролцох юм. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нар гурван талт дээд түвшний ээлжит уулзалтыг хийнэ.
 
С.Мөнх-Оргил

Холбоотой мэдээ