УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-13 13:12:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар С.Бямбацогт гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
 
Хуулийн төсөл нь УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах зорилготой юм. Хуулийн төсөлд бусад гишүүдийн өмнөөс кноп дарахыг таслан зогсоох, гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болох, Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Хуулийн төсөлд гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл ярьсан тохиолдолд сануулах арга хэмээ авах, улмаар танхимаас гаргах заалт оруулсан байна. Хэлэлцэж байгаа асуудлууд маш өргөн хүрээг хамардаг тул энэ заалтыг эргэн харах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр УИХ-д олонхийг бүрдүүлж буй намын гишүүд Лобби бүлэг байгуулдгаа болих хэрэгтэй" хэмээв.

УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, ирц болон санал хураалтын босгыг өндөрсгөж, хуралдаа суудаггүй гишүүнийг эгүүлэн татах асуудлыг энэ хуулийн төсөлд тусгасан гэдгийг хууль санаачлагчид тодотголоо.

Уг хуулийн төсөлд гишүүдийн хариуцлагын асуудлыг тусгасан тул өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, нарийвчлан боловсруулах ёстой гэдгийг Д.Эрдэнэбат гишүүн дурьдлаа. 
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ