Япон улсад 30 орчим эфирийн бүсэд 140 гаруй арилжааны телевиз үйл ажиллагаа явуулдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-06-26 14:02:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“С1” телевизийн урилгаар Япон улсын Нагоя хотын “CTV” телевизийн сэтгүүлч, мэдээний найруулагч О.Хонгорзул тус телевизийн байранд өнөөдөр мэргэжил нэгтнүүддээ туршлагаа
хуваалцаж, уулзалт зохион байгууллаа.
 
Уулзалтаар Япон улсын Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зарчим, арилжааны телевизүүдийн санхүүжилт болон бусад сэдвээр ярилцаж, сэтгүүлчидтэй санал бодлоо солилцов.

Тэрбээр “Японы газар нутгийн хэмжээ Монголын Улсын дөрөвний нэгтэй тэнцэх бол хүн ам нь 127 сая. Тэдний дунд нэг олон нийтийн телевиз байдаг нь монголчуудын сайн мэдэх “NHK” суваг юм. Япон улс нийт 30 орчим эфирийн бүсэд 140 гаруй арилжааны телевизийг хувааж, үйл ажиллагаа явуулах эрх өгсөн байдаг. Нэг бүсэд буюу 11-20 сая орчим хүнд хамгийн ихдээ 5 арилжааны телевиз байдаг. Тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг телевиз өөр бүсэд гардаггүй.Тиймээс томоохон хөрөнгө оруулагч компаниуд ердөө 5 телевизэд зар сурталчилгаагаа өгдөг болохоор санхүүжилтийн асуудалд санаа зовдоггүй. Мөн хаалтын гэрээ, улс төрчдийн мэдлийн телевиз гэсэн ойлголт байхгүй” гэв. 

Мөн “Манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хууль хяналт, төрийн байгууллагын хамтын ажиллагаа сул. Япон улсад эдгээр байгууллага нягт холбоотой ажилладаг. Цагдаагийн албанд сэтгүүлчийг байрлуулдаг тусгай өрөө хүртэл бий. Хууль хяналтын байгууллага гарсан хэрэг зөрчлийг цаг тухайд нь мэдээлж хохирогч, хэрэгтний хувийн мэдээллийг сэтгүүлчдэд өгөх ёстой. Монгол Улсын хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд аливаа гэмт хэргийн хохирогч, гэмт хэрэгтэн, золгүйгээр амиа алдагсдын овог, нэр, зураг болон бусад  хувийн мэдээллийг нийтэд ил болгохыг хориглосон байдаг. Харин Япон улсад хүчингийн хэргийн золиос, 20-иос доош настай сэжигтэн, хохирогч болон хүний амь настай холбоотой хэргүүдээс бусад тохиолдолд овог, нэр, зургийг мэдээллийн хэрэгслээр цацдаг. Учир нь золгүйгээр амиа алдсан, хохирсон хүнийг ард иргэд танин, дотны хүн мэтээр сэтгэлдээ ойр хүлээж авч, удаан хугацааны турш мартдаггүй. Тэгснээр хууль хяналтын байгууллага, төр, өндөр албан тушаалтнуудад иргэд шаардлага тасралтгүй тавьж, зөрчлийг хурдан хугацаанд таслан зогсоож чаддаг” гэсэн юм.

Б.Халиун

Холбоотой мэдээ