Олон улсын дуурийн өдрүүд “Чио Чио Сан” дууриар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2018-06-29 15:23:58

/Улаанбаатар МОНЦАМЭ/ УДБЭТ-ын хамт олон сонгодог хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн мэндэлсний 160 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон “Сонгодог дуурийн өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Тиймдээ ч түүний сор болсон бүтээлүүд болох “Чио Чио Сан”, “Богема” дууриуд болон “Олон улсын дуурийн гала” концертийг энэ сарын 28, 29, 30-ны өдрүүдэд тоглохоор болсон юм.

Тэд тоглолтоо “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” дуурийг тайзнаа амилуулснаар эхлүүллээ. Ж.Пуччинигийн дууриудаас “Манон Леско”, “Богема”, “Чио Чио сан”  зэрэг нь хүнлэг энэрэнгүй гүн ардач бүтээл болсноороо эрин үеийн дуурийн урлагт асар их нөлөөлсөн юм.

Мэргэжлийн дуучдаас хөгжмийн дээд боловсрол, хоолойн өндөр цар хүрээ, яруу тод жүжиглэлтийг өндөр түвшинд шаарддаг энэхүү бүтээлийг тэр болгон театрууд зориглон тоглож чаддаггүй. Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч, дорнын үзэсгэлэнт бүсгүй хашийн тунгалаг царайт эрвээхэй нүдэн хоёрын талаар өгүүлэх гунигт хайрын түүх юм. Тус дуурь нь 1904 онд анх Италийн Милан хотод тоглогдож байсан бол Монголын тайзнаа 1967 онд анх тавигдсан түүхтэй.

Олон улсын дуурийн өдрүүд өнөөдөр Ж.Пуччинигийн алдарт “Богема” дууриар үргэлжилнэ.
Э.Энхсаруул
 
 Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ