Македон улс НАТО-д элсэх гэж байгаатай холбогдуулан Оросын байр суурийг илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-06-29 19:08:39
МОСКВА. /РИА Новости/. “Македон улс НАТО-д элсэх нь тус улсын бүрэн эрхийн асуудал. Оросын эрх баригчид тус улстай тогтоосон найрсаг харилцаагаа нандигнадаг. Гэхдээ л Умард Атлантын цэргийн эвсэл Оросын хилд ойртохыг эсэргүүцэж байгаа” гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков баасан гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.
 
“Македон НАТО-д элсэх нь юуны түрүүнд тус улсын бүрэн эрхийн хэрэг. Бид Македонтой тогтоосон найрсаг харилцаагаа үнэлдэг, нандигнадаг, хөгжүүлэхийг хүсдэг. Харин НАТО-гийн дэд бүтэц болон НАТО бүхэлдээ манай улсын хилд ойртохын эсрэг хэвээр байгаа” гэж Дмитрий Песков Македон улс НАТО-д элсэх гэж байгаагтай холбогдуулан Орос ямар байр суурьтай байгаа тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэмдэглэсэн байна.
 
Грекийн гадаад хэргийн сайд Никос Котзиас болон хуучин Югославын бүрэлдэхүүнд багтаж байсан Македоны гадаад хэрэгийн сайд Никола Димитров нар саяхан тус улсын нэрийг Бүгд найрамдах Умард Македон улс гэж шинээр нэрлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Грек болон Македоны хооронд нэрийн талаар 25 жил үргэлжилсэн маргаан нь Македоныг НАТО болон Европын Холбоонд элсэхэд саад болж байсан билээ. Грекийн Македон мужтай андуурах явдлыг арилгахын тулд нэрээ солихыг Грекийн тал Македоны эрх баригчдаас шаардаж байсан юм.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ