Сүүлийн хоёр жил эх, нярайн эндэгдэл гаргалгүй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-07-03 12:33:31
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө бие, сэтгэлээ зориулан ажиллаж байсан болон одоо ажиллаж буй үе үеийн эмч, эмнэлгийн ажилчид 70 жилийн ойн байраа өнөөдөр тэмдэглэлээ.

Төв аймагт эх барихуйн алба үүсч хөгжсөний 70 жилийн ойн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа нар оролцов.

Аймгийн эрүүл мэндийн салбар сүүлийн 20 жилд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үндэсний дөрвөн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, өнгөрсөн оноос “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж байна. Мөн “Эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд 85.2 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн нөхөн үржихүйн насны 23 мянга гаруй эмэгтэйчүүдэд найман төрлийн эрт элрүүлэг, үзлэг, оношилгоо, 0-5 хүртэлх 10 мянга гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.

Энэ жилээс орон нутгийн онцлогт тохирсон сумын эрүүл мэндийн төвийн “Эхийн амаржих байрны жишиг удирдамж” боловсруулан, мөрдөж эхэлсэн бөгөөд сүүлийн хоёр жил эх нярайн эндэгдэл гаргаагүй амжилтаар ойн баяраа угтжээ.

Баярын үеэр эрүүл мэндийн салбарын түүхийг бичилцсэн ахмад эмч нар болон тэдний үргэлжлэл болсон залуу эмч нарыг шагнаж, урамшуулсан юм. Мөн эрүүл мэндийн салбарын 70 жилийн түүхийг өгүүлсэн “Энх мөнхийн хэлхээс” нэртэй номын нээлт боллоо.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ