Эдийн засагт огцом өсөлт ажиглагдаж байгааг Дэлхийн Банк онцоллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2018-07-06 13:18:14
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь, 2017 онд 5.1 хувь байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 6.1 хувьд хүрч огцом өсөлт ажиглагдаж байгааг Дэлхийн банкнаас гаргасан Монголын эдийн засгийн тойм тайланд онцолжээ. Гэхдээ богино болон дунд хугацааны эдийн засгийн төлөв эерэг хэвээр байгаа ч суурь бүтцийн эмзэг байдлыг арилгах тал дээр анхаарал хандуулах шаардлагатайг Дэлхийн Банкны эдийн засагчид зөвлөж байна.
Уул уурхайн салбарт үргэлжлэн их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орохоор хүлээгдэж байгаагаас эдийн засгийн өсөлт цаашид нэмэгдэж, 2019-2020 онуудад дундаж өсөлт 6 хувийг давах төлөвтэй байгаа аж. Түүнчлэн боловсруулах, худалдаа, тээврийн салбарын үйлдвэрлэл нэмэгдэх хандлага ажиглагдсан байна. Экспорт үргэлжлэн нэмэгдэж, түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байгаа учир эдийн засгийн өсөлт төсвийн алдагдал буурах нөхцөлийг бүрдүүлэх боломжтойг Дэлхийн Банкны Монгол Улсын хариуцсан ахлах эдийн засагч, тайланг бэлтгэсэн багийн ахлагч доктор Жон-Паскаль Нгану онцлов.
Тэрбээр ”Түүхий эдийн үнэ өндөр хэвээр байна. Засгийн газраас эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд 2017 он Монгол Улсын хувьд харьцангуй сайн жил байлаа. Энэ тааламжтай нөхцөл байдлын улмаас төсвийн болон гадаад сектор сайжирч, Засгийн газрын өр бага зэрэг буурч байна” хэмээв.
Уг тайланд өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд хэт өөдрөг, бодит байдалд төдийлөн уялдаагүй байснаас гарсан сөрөг үр дагавруудыг харгалзан цаашид хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах тал дээр онцгой ач холбогдол өгөхийг зөвлөсөн байна.
“Эдийн засгийн эмзэг байдлыг бууруулж, дархлааг сайжруулахад Засгийн газар уул уурхайн салбарын мөчлөгийн сөрөг нөлөөг бууруулах эдийн засгийн төрөлжилтийн бодлогод онцгой ач холбогдол өгөх шаардлагатай. Иргэддээ хөрөнгө оруулах, институцыг бэхжүүлэх, дэд бүтцэд найдвартай хөрөнгө оруулах нь эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн оновчтой зам” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэмдэглэв.
Тайланд 2015 он хүртэл эрчимтэй нэмэгдэж, төсвийн алдагдал, улсын төсвийн өр ихээхэн нэмэгдэхэд нөлөөлсөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн сүүлийн 5 жилийн хэрэгжилтийг нарийвчлан авч үзсэн байна.
                                           Л.Нандиа
Холбоотой мэдээ