Хөвсгөлийн наадмаар зургаан шинэ цолтон төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-07-12 11:44:17
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Ардын хувьсгалын 97 жил, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадамд Улс аймгийн алдар цолтой 256 бөх хүчийг үзэн барилдсанаас 1 арслан, 1 заан, 1 харцага, 3 начин нийт 6 шинэ цолтон төрлөө.
Наадамд Бүрэнтогтох сумын уугуул аймгийн Заан Э.Баасанжав түрүүлж аймгийн Арслан цол, Цэцэрлэг сумын уугуул аймгийн начин  Г.Бат-Орших үзүүрлэж аймгийн Заан цол хүртсэн бол шөвөгт Улсын начин М.Эрдэнэбат, Шинэ-Идэр сумын уугуул сумын заан Х.Бөхбаяр шөвөгт үлдэж аймгийн Харцага цол хүртлээ. Мөн Алаг-Эрдэнэ сумын уугуул сумын заан Ц.Цэнд-Аюуш, Алаг-Эрдэнэ сумын уугуул сумын заан Б.Золбоо, Арбулаг сумын уугуул сумын заан Ө.Пүрэв-Очир нар 5 давж аймгийн Начин цол хүртлээ.
“Энэ жилийн хоймор нутгийн наадамд Архангай, Булган, Хөвсгөл, Дорноговь гэсэн 4 аймгийн бөхчүүд зодоглосон төдийгүй Монгол Улсын начин Б.Баянмөнх, С.Дэлгэрбат, Б.Бадрал, Н.Баттулга зэрэг 6 Улсын начин барилдсан чансаа өндөр ямар нэгэн будлиангүй өргөн дэлгэр сайхан наадам боллоо” гэдгийг Үндэсний бөхийн улсын тайлбарлагч Н.Бямбасүрэн хэлж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ