Сайн дурын байгууллагуудын Нэгдсэн зөвлөл байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 16:01:36

"Орон нутгийн хөгжилд-Сайн дурын ажилтнуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болов. Жил бүрийн 12 дугаар сарын 5-ныг дэлхийн нийтээр “Сайн дурын ажилтнуудын өдөр” болгон тэмдэглэдэг.

Энэ өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Улаан загалмайн хороо хамтран “Орон нутгийн хөгжилд-Сайн дурын ажилтнуудын оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Эрүүл мэндийн газар Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн ОУБ, Сүрьеэтэй тэмцэх төсөл ,Хүүхэд, Гэр бүлийн  хөгжлийн хэлтэс, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо”, аймгийн Скаутын холбоо зэрэг найман байгууллагын сайн дурын ажилтнууд оролцлоо.

Аймгийн хэмжээнд 1200 гаруй сайн дурын ажилтнууд иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. “Сайн дураараа хүн хүндээ туслан дэмжиж байгаа сайхан сэтгэлийн ажил. Сэтгэл зүрхний угаас туслалцаа үзүүлж байгаа учраас шан харамж хардаггүй ажил юм” гэж НҮБ-ын Сайн дурынхны сүлжээ байгууллагын хөтөлбөрт тодорхойлжээ. “Сайн санааны үзүүрт тос”, “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” зэрэг зүйр үг нь нүүдэлчид амин хувиа боддоггүй, тэд зөвхөн эрх чөлөөг эрхэмлэсэн хүмүүс гэдгийг давхар нотолдог.Сайн дурын ажилтнууд тулгамдсан асуудлаа ярилцаж цаашид хэрхэн хамтөарч ажиллах гарцыг эрэлхийлж байна.

Хэлэлцүүлгийн төгсгөлд дээрх найман байгууллагын төлөөлөл, Төрийн байгууллагууд нэгдэж “Сайн дурын байгууллагуудын Нэгдсэн зөвлөл”-ийг байгуулж тэргүүнээр нь аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Сүхбаатарыг сонголоо.

                                                                                 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ