Кубын иргэд гар утсандаа дата эрхтэй болно

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-17 10:06:46
twitter.com/Nyamkanmk
ГАВАНА. /Reuters/. Коммунист дэглэмтэй Куба улс энэ ондоо багтаан орон даяар гар утасны сүлжээ цацах зорилго тавьсан бөгөөд энэ ажлын хүрээнд зарим хэрэглэгчдийнхээ гар утсыг интернэт үйлчилгээгээр хангаж эхэллээ.

Кубын цахилгаан холбооны монополи компанийн хангаж буй интернэт эрхийг хамгийн түрүүнд авах хүмүүсийн дунд төрийн харьяа хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч нар багтаж байна. Цахим орчинд илүү өргөн хүрээтэй нэвтрэх энэхүү кампанит ажилтай холбогдуулан Кубын шинэ Ерөнхийлөгч Мигель Диас-Канел хэлэхдээ, Кубын эдийн засгийг эрчимжүүлж, ард иргэдийн хувьсгалыг хамгаалахад туслах хэрэгтэй гэсэн байна.

Хэвлэл мэдээллийн хувьд монополи, мөн нэг намын тогтолцоотой ийм улсын цахим хэрэгцээ өргөжин тэлэх нь ард иргэдийн ямар мэдээлэл авч байгааг хянахад Засгийн газарт хүндрэл учирна гэж шинжээчид үзжээ. Куба улсад санал бодлоо олон нийтэд илэрхийлэх хийгээд тэрс үзэлтэй цахим хуудас руу нэвтрэхийг хориглосон байдаг.

Төрийн мэдэлд байдаг хэд хэдэн цахим хуудас болон телевизэд сэтгүүлчээр ажилладаг Юрис Норидо уг шийдвэрийн талаар санал бодлоо илэрхийлэхдээ, “энэ бол эрс өөрчлөлт, би одоо хаанаас ч мэдээ, мэдээллээ дамжуулах боломжтой болсон” гэж хэлэв.

Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүд, Элчин сайдын яамд 12 дугаар сараас эхлэн гар утсандаа дата эрх худалдан авах боломжтой болсон гэж Кубын цахилгаан мэдээллийн “ETECSA” компани цахим хуудсаараа мэдээлжээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ