Ургамал сумын төрийн албан хаагчид бүсдээ тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-07-17 21:02:47

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Ургамал сумын төрийн албан хаагчид ур чадвар, спортын тэмцээнүүдэд говийн бүсдээ тэргүүлж шилжин явах цомын эзэн болжээ.
Наадмын өмнөхөн болсон говийн бүсийн сумдын төрийн албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах сургалт өдөрлөг Дөрвөлжин сумд болжээ. Сургалт өдөрлөгт говийн бүсийн Завханмандал, Эрдэнэхайрхан, Алдархаан, Яруу, Ургамал сумын 100 гаруй төрийн албан хаагч оролцсон байна. Энэ үеэр хууль эрх зүй, төрийн албаны стандарт, төрийн албан хаагчийн манлайлал, ёс зүйн талаарх сургалт болж төрийн албан хаагчдын ур чадвар, урлаг, спортын тэмцээн болсон байна. Түүнчлэн төрийн албан хаагчдаас дөрвөн төрлийн ур чадварын шалгалт авчээ. Тухайлбал, ажил мэргэжил, хууль тогтоомжийн дагуу албан хэрэг боловсруулах ур чадварын уралдаан, харилцан ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албаны стандарт, бодлогын баримт бичиг, албан хэрэг хөтлөлт, Төрийн албаны тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, ёс зүйн дүрэм зэрэг сэдвээр тестийн шалгалт авч дүгнэж шилдгүүдийг тодруулжээ. Ийнхүү Ургамал сум 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцож спорт, урлаг, ур чадварын тэмцээнүүдэд тэргүүн байранд шалгарч, “Шилжин явах” цом, өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнуулсан байна.
Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласан бол Завхан аймаг “Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах жил” болгон зарлажээ. Энэ хүрээнд аймгийнхаа дөрвөн бүсийн сумдын ИТХ, Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах, арга зүйн мэдээллээр хангах, хамтын үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор сургалт, өдөрлөгийг зохион байгуулж байгаа ажээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ