Цахилгаан эрчим хүч болон усан хангамжийн асуудлыг нэн тэргүүнд шийдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-18 15:51:09
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өчигдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 2 цаг орчим орсон хүчтэй аадар борооны улмаас Сүхбаатар суманд үерийн эрсдэл үүсч галт тэрэгний зам зарим газартаа угаагдсан, нийтийн эзэмшлийн орон сууцны хонгил үерийн ус элс шороогоор дүүрсэн, айл өрхүүдийн хашаа ташраараа нурж унасан, зарим газарт машин техник элс шороонд дарагдсан, зам талбай, үерийн далан эвдэрч гэмтсэн зэрэг гэнэтийн аюул эрсдэл тохиолдсон.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил үерийн улмаас учирсан хохирлыг цаг алдалгүй арилгах үүднээс цахилгаан эрчим хүч болон усан хангамжийн асуудлыг хэвийн үйл ажиллагаанд оруулах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэлээ. Үүний үр дүнд нийтээр тасарсан байсан цахилгаан эрчим хүч өчигдөр оройны 21.00 цагт ирж эхэлсэн бол өнөө өглөө 07-р сарын 18-ны өглөөний 09 цаг гэхэд бүх нийтээр цахилгаанаар хангагдлаа. Мөн “Урсгал ус” ОНӨАТҮГ-ын үйл ажиллагаанд зориулж хоёр насосын асуудлыг шийдвэрлэж өгсөн юм. Мөн үерт өртсөн авто замыг яаралтай засварлахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Цаашид гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс ажлын хэсгийг байгуулаад байна.
Сүхбаатар суманд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан 100-200 хүртэлх хүнийг түр ажлын байраар хангаж, өдрийн 20.000-28.000 төгрөгийн хөлстэйгөөр ажиллуулахаар болоод байна. Гэнэтийн нөхцөл байдалд байгаа бүх боломжоо ашиглан аймгийн Онцгой байдлын алба, “АЗЗА”, Урсгал ус, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ