Иргэдийн гомдлын мөрөөр ажиллажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан сумын “Иргэдэд үйлчлэх төв”-д сүүлийн гурван сар иргэдээс ирсэн санал гомдлын талаас илүү хувийг халаалт дулаан доголдсонтой холбоотой асуудлууд эзэлжээ. Тиймээс иргэдийн гомдлын мөрөөр аймаг, сумын холбогдох мэргэжилтнүүд Дархан хотыг халаалт дулаанаар хангадаг Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн албаны хүмүүстэй уулзаж уг асуудлыг танилцуулсан байна.
Тус сүлжээ нь нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын халаалт дулааныг хэвийн өгч байгаа. Зарим нэг засвар үйлчилгээтэй холбоотой асуудал гарсныг өнгөрсөн 10 дугаар сард бүрэн шийдвэрлэж дуусгасан гэлээ. "Иргэд зунаас эхлэж өвлийнхөө бэлтгэлийг хийж орон байрныхаа онгорхой цоорхойг нөхөж Сууц өмчлөгчдийн холбоондоо шаардлага тавьж дундын эзэмшлийн шугам хоолойгоо засах ёстой. Гэтэл тэнгэр ниргэтэл сэтгэл амар гэгчээр явж байгаад гэнэт ухаан орсон мэт халаалт дулаан залгахтай зэрэгцэж асуудал үүсгэдэг" гэж Дарханы Дулааны Сүлжээ компанийн ерөнхий инженер Ч.Бат-Эрдэнэ хэлэв. Иргэдээс ирүүлж байгаа гомдол мэргэжлийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй биш гэж дулааныхан үзэж байна. Иймд сумаас түр ажлын хэсэг гарч газар дээр нь байдал ямар байгаатай танилцахад тус сумын “Өргөө” багийн нутаг “Өнгөт хороолол”-ын дөрөвдүгээр байр, тавдугаар багийн 20, 7 дугаар байрны гомдол гаргасан зарим айлуудаар ороход гэрийн дотор 18-аас илүү хэмтэй халаалт дулаан хэвийн байсантай танилцлаа. “Муу л бол хойд талын бор овоохой” гэгчээр иргэд бүх бурууг эрчим хүчний байгууллагууд руу чихдэг. Гэтэл цонх, хаалгаа дулаалж СӨХ-ныхоо төлбөрийг барагдуулж засвар үйлчилгээгээ хийлгээгүйгээс зарим хүндрэл гарч түүндээ өөрсдийгөө үл буруутгаж энэ мэт хэл ам хийдэг байдал жил болгон гардаг нь байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг” гэж ДДС ТӨХК-ийхан хэллээ.
Б.Норовсамбуу