“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн засварын ажил хэвийн явж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-07-22 16:05:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд бороо хур их орсноос болж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн туялзуур засварын ажил бага зэрэг удааширсан ч алдсан цаг хугацаагаа нөхөж, ажлаа хугацаанд нь бүрэн дуусгах боломжтой байна гэж тус компанийн засварын ахлах инеженер Л.Ганбат хэлж байна.
Тэрээр, “Засварын ажлыг манай компани өнгөрсөн гуравдугаар сарын 10-наас эхлэн аравдугаар сарын 1-ний хооронд хийхээр төлөвлөж, сар бүр Ерөнхий инженерээр баталсан графикийн дагуу мөрдөн ажиллаж байна. Засварын ажлыг хэрэглэгчдэд үүрэн телефоны мессеж болон компанийн өөрийн вэб сайтаар зар хүргэж байна. Энэ жил энгийн улирлын болон бэлтгэл ажил дээр 2400 км, 610 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугмын ажил бүрэн дуусаад байна. 2160 ширхэг агаарын болон хаалттай станцад урсгал засвар хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 92 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Их засвараар 11 нэр төрлийн ажил хийхээс 27.8 хувь, техник зохион байгуулалтын арга хэмжээгээр 26 нэр төрлийн ажил хийхээс 16.7 хувьтай байна. Компанийн хэмжээнд 42 хувийн гүйцэтгэлтэйгээр засварын ажил явж байна гэв.
Тодруулга: Энэ жил нийслэлийн цахилгаан түгээх сүлжээний засвар шинэчлэлийн ажилд зориулж нийтдээ 2 орчим тэрбум төгрөг төлөвлөжээ.
Б.Болд
Холбоотой мэдээ