Хойд Солонгост ч мөн хэт халж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-27 11:42:14
ПХЕНЬЯН. /Киодо/. Япон болон Өмнөд Солонгос улсад хэт халах байгалийн гамшигт үзэгдэл үргэлжилсээр байгаа бол Умард Солонгост ч сүүлийн өдрүүдэд мөн адил агаарын хэм өндөр байгаа тухай “Киодо” агентлаг мэдээлэв.

Пхеньян хотын иргэд хэт халалтын эсрэг цайвар өнгөтэй, богино ханцуйтай хувцас өмсөх, тод өнгийн шүхрээр халхлах, цахилгаан гар сэнс ашиглах хийгээд зайрмаг идэх зэрэг арга хэмжээ авч, сэрүүцэж байгаа аж.

“Умард Солонгост үргэлжилж буй энэ үзэгдэл нь Номхон далайн баруун хойд хэсгийн ер бусаар нэмэгдсэн өндөр даралтын нөлөөнөөс үүдэлтэй юм. Уг ер бусын халуун цаг агаар удаан хугацаагаар тогтож байна” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.

Өнгөрсөн ням гарагт тус улсын Вонсан хотод цельсийн 39.7 хэм, Мунчон хотод 39.2 хэм хүрч халсан бол Канвон мужийн Чоннае, Анбён тойргуудад болон Өмнөд Хамён мужийн Кумяа тойрогт агаарын дулаан цельсийн 39 хэм хүрсэн нь цаг уурын шинжилгээг хийж эхэлснээс хойших хамгийн өндөр хэмд хүрээд байгаа нь энэ ажээ.

Э.Хулан
 
Холбоотой мэдээ