Үүргийн шүршигч болон онгоц ашиглан ойн хортонтой тэмцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт энэ жил орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгөөр нийт 21200 га талбайд хортонг устгах ажил хийнэ.
Тухайлбал орон нутгийн төсвийн хөрөнгөөр Баянтэс сумын ойн сангийн 700 га талбайд үүргийн шүршигчээр, улсын төсвийн хөрөнгөөр Их-Уул, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Сонгино, Баянхайрхан, Асгат, Баянтэс сумдад ойн сангийн нийт 20500 га талбайд онгоцоор хортонг устгах ажлыг явуулж байна. Ингэхдээ хортонд ихээр нэрвэгдсэн болон очиж хийх бололцоогүй газруудад онгоцоор хор цацаж бусад газруудад хортонтой тэмцэх ажлыг үүргийн шүршигч ашиглан хийхийн зэрэгцээ механик аргаар гүйцэтгэж байгаа ажээ.
Завхан аймагт өрөөсгөл эрвээхий, сибирийн хүр эрвээхий, якобсоны төөлүүр эрвээхий зэрэг ойн хортон шавьж ихэвчлэн байна.
Монгол орны нутаг дэвсгэрийн 8 орчим хувь нь ойгоор бүрхэгдсэн бөгөөд ихэвчлэн нутгийн хойд хэсгээр тархсан. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойн түймэр, ойн хөнөөлт шавж өвчний тархалт ихэсч ойн тархалт, нөөцөд ихээхэн хохирол учруулж байна. Сүүлийн 20 жилд ойн түймэр, ойн хөнөөлт шавжийн хор хөнөөл болон хууль бус олголтоос шалтгаалан 1.2 сая га ойн талбай хорогдсон гэсэн судалгаа гарсан байдаг. Манай орны ойн сангийн газарт түймэр ихээр гарах, өвчин, хөнөөлт шавжинд нэрвэгдэх ашигт малтмалын олборлолтод өртөх, зөвшөөрөлгүй мод огтлох зэрэг шалтгаанаар ойн экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, доройтолд орсоор байна. Завхан аймгийн тухайд түймэрт шатсан ойн талбайгаараа Хөвсгөл, Дорнод, Хэнтий аймгийн дараа орж байгаа. Харин өвчин хортон шавжинд идэгдсэн ойн талбайн хэмжээгээрээ мөн л Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай аймгийн дараа орж байгаа нь ойн нөөцийн сан мөхөх аюултай байна гэсэн үг юм. Тиймээс ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар өнөөдрийн байдлаар сургалт сурталчилгааны ажлыг ойн сан бүхий сумдад явуулж 280 гаруй иргэн 46 аж ахуйн нэгж байгууллагуудад хийгээд байна. Цаашид ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар шат дараатай арга хэмжээнүүд хуваарийн дагуу явуулна хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн