Баяр наадмын сурын харваанд 140 гаруй харваач оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-31 10:13:58
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд Улаанбаатар хот, Дорнод, Баян-Өлгий, Орхон, Булган аймгийн нийт 140 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.
Эрэгтэй харваачдаас Дорнод аймгийн Баяндун сумын харьяат спортын мастер, аймгийн мэргэн Д.Банбалдорж түрүүлж, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын уугуул, Орхон аймгийн “Хангарьд” спорт клуб, засвар үйлчилгээний “Отгонтэнгэр” компаний харваач, спортын дэд мастер Т.Эрдэнэ-Очир, Завхан аймгийн Дөрвөнжин сумын уугуул, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Эрч” клубын харваач, спортын мастер Н.Жанчивсэмбэ, Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын уугуул, ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн оюутан, аймгийн мэргэн, спортын мастер Б.Сосорням, Булган аймгийн Булган сумын харьяат, залуу харваач М.Лхагвасүрэн нар эхний таван байрт оржээ.
Эмэгтэйчүүдээс Завхан аймгийн Дөрвөнжин сумын уугуул, ОБЕГ-ын харьяа “Аврагч” спорт хороо “Эрч” клубын харваач, спортын мастер Э.Соёлмаа эхний байр эхэлж, Булган  аймгийн Бүрэгхангай сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Л.Энхзул, мөн сумын харьяат, “Петровис” компаний харваач Б.Баярцэцэг, мөн аймгийн Булган сумын харьяат, аймгийн төв номын сангийн харваач Т.Мөнгөнтуяа, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын  харваач, спортын мастер Г.Мөнхзаяа нар удаалжээ.
Баяр наадмын үндэсний сурын хүүхдийн харвааны төрөлд 40 гаруй харваач оролцсноос хөвгүүдээс Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Орхон аймгийн 1-р сургуулийн 7-р ангийн сурагч, “Хангарьд” спорт клубын харваач О.Мөнхнасан, охидоос Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Орхон аймгийн 4-р сургуулийн 3-р ангийн сурагч, “Хангарьд” спорт клубын харваач, улсын өсөх идэр мэргэн Т.Нандинхишиг нар түрүүллээ.
Үндэсний сурын харваанд улсын мэргэн хоёр, гарамгай харваач нэг, гоц харваач нэг, алдарт мэргэн 28, Спортын мастер 20 гаруй оролцсон байна
М.Батжаргал

Холбоотой мэдээ