Гал түймэр даамжирч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-31 15:47:52
КАЛИФОРНИ. /Си-Эн-Эн/. Калифорни муж улсын хойд хэсэгт өргөн хүрээг хамраад байгаа гал түймэр нь тус нутгийн цаг уурын нөхцөлийг өөрчилж, олон төрлийн хүчтэй салхийг үүсгэж байгаа нь түймрийг унтраахад улам хүндрэлтэй болгож байгаа бөгөөд цаашид ч улам тархаж болзошгүй байгаа тухай мэргэжилтнүүд мягмар гарагт мэдээлэв.

Тус муж улсын Шаста тойрогт сураггүй болсон 19 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд салхины чиг өөрчлөгдөж байгаа хийгээд хуурай мод болон тэгш тал зэрэг нь гал түймрийг улам дэгдэхэд хүргэж, одоогийн байдлаар 41000 га газрыг хамраад байгаа юм байна.

Уг гамшгийн улмаас 6 хүн амиа алдаад байгаагийн дунд түймрийг унтрааж байсан гал сөнөөгч болон бульдозерын жолооч нар багтаж байгаа юм. “Нийт 48 хүн сураггүй болоод байсан ба тэднээс 29 хүнийг эсэн мэнд олоод байна” гэж Шаста тойргийн цагдаагийн газрын дарга Том Босенко мэдээлжээ.

Дээрх гал түймрийн улмаас 966 байшин барилга сүйдээд байгаа бөгөөд Калифорни муж улсын түүхэн дэх хамгийн уршигтай түймрүүдийн нэгд тооцогдох болсон байна. Мөн тус мужид гарсан хамгийн уршиг бүхий 12 гал түймрийн 7 нь 2015 оноос хойш гарчээ.
Э.Хулан
 

Холбоотой мэдээ