Мексикийн хойд хэсэгт нисэх онгоц осолджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МЕКСИК ХОТ. /Синьхуа/. Мексикийн хойд хэсгийн Дуранго мужид 100 гаруй хүн тээвэрлэж явсан нисэх онгоц мягмар гарагт осолдсон ба азаар хүний амь нас эрсдээгүй байна гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.
“AM2431 нислэгийн үеэр гарсан ослоос хүний амь нас үрэгдээгүйг баталж байна” гэж Дуранго мужийн дарга Жосе Айспуро мэдэгджээ. “Эмбраер 190” нисэх онгоц нь тус мужийн олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөөд удаагүй байхдаа осолдсон гэж Мексикийн Тээврийн яамнаас мэдээлсэн байна.
“Орон нутгийн цагаар оройны 3:40 цагийн үед уг осол гарсан” гэж Дуранго мужийн иргэний эрхийг хамгаалах байгууллагын хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлжээ. Уг нисэх онгоцонд 97 зорчигч болон нисэх багийн 4 гишүүн байсан бөгөөд тэд Мексик хотыг зорин нисч байжээ.
Э.Хулан