Н.Алгирмаа: Нэг бүл зөгийнөөс 100 кг бал авахаар туршиж үзнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-08-06 07:30:44
Хэнтий /МОНЦАМЭ/ Монголын зөгийчдийн дунд XIII зууны үед Хархорин хотын таван тансаг идээний модны нэг амнаас зөгийн бал бүхий ундаа гарч байсан гэх домог яриа байдаг. Зуу гаруй төрлийн бодис агуулсан анагаагч, ариутгагч шидтэй зөгийн балыг хүнс тэжээлдээ хэрэглэсээр бид олон арван жил болжээ. Ажилсаг зөгийнүүдийг өсгөн, үржүүлж буй туршлагыг судлахаар Биндэр сумын “Дэлгэр Онон” нөхөрлөлийн гишүүн, зөгийчин Н.Алгирмаа эгчтэй хууч ярилцлаа.

-Та хэдийнээс ажилсаг зөгийтэй нийлж, баланд умбах болов оо?
-Анх зөгийн тухай олон төрлийн ном уншаад “энэ амьтныг маллаж үзэх юмсан” гэж боддог байлаа. Гэтэл 2009 онд багийн Засаг дарга их сайхан санал тавьсан. Төсөл хэрэгжиж эхлэхэд 10 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Тэр цагаас хойш сонирхол, идэвх санаачлагаараа өдийг хүртэл зүтгэж явна. Шантралгүй зүтгэн амжилтад хүрэхэд сум орон нутгийн маань гавъяа их бий. Энэ хугацаанд 10 гаруй шавьтай болсон доо.

-Зөгийн балаа хэрхэн борлуулж байна? Зөгийн балнаас бусад бүтээгдэхүүнийг гаргаж, борлуулж байна уу?
-Одоогоор зөвхөн зөгийн балаа л зах зээлд борлуулж байна. Зөгийн балаа таньдаг мэддэг хүмүүсийнхээ тус дэмээр борлуулалтаа хийж байгаа болохоос биш яг төвлөрсөн худалдаа бий болоогүй л байна. Гэхдээ Аймгийн Зөгийчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Оюунчимэг зөгийн балыг технологийн дагуу чанартай авч байвал Гацуурт ХХК-д нийлүүлэх боломжтой талаар ярьсан. Мөн ааруулаа хотод борлуулж эхлээд байна. Бас цэцгийн тоосормогийг багахан хэмжээгээр авч борлуулдаг. Тоосормог гэдэг нь тоосоо хураагаад зөгий нягтруулсныг хэлдэг. Зөгийний жинхэнэ витамин нь тэнд байдаг. Тоосормог нь дархлааг маш их сайжруулдаг. Өөрөө өөрийнхөө биед туршиж, үр дүнг нь үзэж байгаа.

-Цаашид бүлгийнхээ үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх бодолтой байна даа?
-“Дэлгэр Онон” нөхөрлөл дотроо “Вансэмбэрүү” бүлэг бий. Бид хэсэг хэсгээрээ ажилладаг. Бид цаашид зөгийн үйлдвэрлэлээ цогцоор нь л явуулах сонирхолтой байна. Хөрөнгө байх юм бол сэмжний тоног төхөөрөмж авч, өөрсдөө сэмжээ хиймээр байна. Зүүн бүсдээ сэмжээ өөрсдөө хийж, өөрсдийнхөө хэрэглээг ханган, илүү гарсныг нь борлуулах төлөвлөгөөтэй байгаа. Бид яаж тонноос дээш буюу их хэмжээгээр зөгийн бал хураах талаар төлөвлөгөө гарган, боломжит хувилбаруудыг эрэлхийлж байгаа. Зөвхөн би өөрийгөө гэж явдаггүй. Хамт олонтойгоо бүхнийг хийх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Мөн савлагаагаа сайжруулах хэрэгтэй байгаа. Манай үйлдвэрлэлийн зөгийн бал 1 кг, 500 гр, 300 гр гэсэн савлагаатай байдаг. Шилээ ард иргэдээсээ балаараа бартердах маягаар авна. Тагаа Улаанбаатар хотоос худалдаж авдаг.

-Сэмж гэж юуг хэлж байгаа юм бэ? Зөгийн аж ахуйд шаардлагатай тоног төхөөрөмж үү?
-Сэмж гэдэг нь зөгийн балаа хураах хэрэгсэл юм. Зөгийд зориулан үйлдвэрлэсэн 6 талтай ташаалагч байдаг. Үүнийг зөгий өөрөө 2,5 мм болгон барьж өндөрлөдөг. Түүндээ өндөглөж, балаа хураана. Гол бүтээгдэхүүн маань сэмж. Зөгийний рам, жаазыг одоо нөхөр маань хийдэг. Зөгийчин хүн бол бүхий л талын мэдлэгтэй мужаан байх ёстой. Тийм ч учраас анх би өөрөө хийдэг байсан. Одоо бол нөхөр маань миний шилдэг туслах. Нөхөр маань ойн байгууллагад  жолооч хийж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа гарсан. Зөгийчин болсноос хойш нөхрийн маань бие нь өвдөхөө больж, стрессгүй их сайхан болсон.

-Энэ олон жилийн хөдөлмөр тань таныг мэргэжлийн зөгийчин болгов уу? Их зүйлийг сурч, туршиж мэдсэн байх даа?
-Мэргэжлийн зөгийчин болох болоогүй ээ. Зөгий үржүүлэхэд чимхлүүр ажил ихтэй. Би анх зүгээ мэдэхгүй, яах ийхээ төдий л мэддэггүй байлаа. н.Базарсайхан багш бидэнд ихийг зааж сургасан. Мөн “Зөгий жимс” сэтгүүлээс их зүйлийг сурч авсан даа. Зөгий үржүүлж, бал хурааж сурахын тулд би их туршилт хийсэн. Одоо ч хийж байгаа. Нэг удаа би хоёр давхраас 37 кг бал авсан. Одоогоор хориод бүл зөгийтэй байна. Нэг бүл зөгийнөөс 100 кг бал авч болох талаар Сэлэнгийн зөгийчдөөс сурагласны дагуу би турших гэж байгаа. Тиймээс би энэ жил гурав давхарласан зөгийнөөс 100 кг бал авахаар төлөвлөөд ажиллаж байна. Үүнийг л туршина даа. Өнгөрсөн жилийн хувьд би зөгийнүүдээ гэрт өвөлжүүлэх туршилт хийсэн. Манай зөгийчид “Яаж амьд гаргах юм бэ? Зөгий чинь үхнэ” гэж их хэлсээн. Зөгий 0 градуст өвөлжих ёстой. -2 градусаас дээш гаргаж болохгүй. Өвөлжингөө боломжтой гэсэн бүхий л арга хэмжээг авснаар бид өвлийг давсан. Би “Үхэхгүй ээ, би өөрөө дэргэд нь байгаа“ гэж итгэж, ажилласны хүчинд 20 гаруй зөгий маань амьд гарсан даа. Насаараа л ажиллаж, туршиж, суралцах байх даа.

-Та зөгийнөөс өөр зүйлд туршилт хийж байна уу?
-Би чийгийн улаан хорхой үржүүлж, зав зайндаа ааруул хийдэг. Ааруулыг зөгийн балтай хийж байгаа. Үнийн хувьд жаахан өндөр тусдаг. Гэхдээ хатуурдаггүй бөгөөд ямар ч үед зөөлөн чанараа хадгалдаг юм билээ. Тиймээс янз бүрийн хэлбэрээр ааруул хийх бодолтой байгаа.

-Чийгийн улаан хорхой үржүүлэхэд ажиллагаа ихтэй юу?
-“Хөгжилд хүрэх түншлэл” ТББ-аас Хэнтий аймгийн ойтой долоон сумыг хамруулж энэхүү үйл ажиллагааг бий болгосон. Үүний хүрээнд нэг шуудай чийгийн улаан хорхойг үржүүлж, бордоо хийдэг болсон. Адууны хомоолыг дэвтээнэ. Бусдыг нь заавал халааж, үнэрийг нь гаргахын тулд долоо хонуулдаг. Ингэхгүй бол чийгийн улаан хорхой шууд үхнэ. Гурван жилийн хугацаанд чийгийн улаан хорхойгоо шуудайндаа хийж өвөлжүүлдэг. Энэ талаар мэргэжлийн хүнтэй хамтарч нарийн судалгаа хийх юмсан гэж боддог. Ургамал ногоог бордохдоо яг хэдэн грамм хийх талаар тодорхой заасан зүйл байхгүй байна. Тиймээс бордоогоо хийх талаар лавшруулан судалж, шинжлэхийг хүсч байгаа.

-Энэ бүх ажилд нөхөрлөлийнхөн бүгд оролцдог уу? Нөхөрлөлөөс ямар ажлуудыг хийж байна?-Манай нөхөрлөлийнхөн өнгөрсөн жил 8 га-д, энэ жилийн хувьд 5 га-д арчилгааны огтлолт хийсэн. Ер нь олуулаа аливаа хөдөлмөрийг хийснээр цаг хугацааг хэмнэдэг гэж би боддог. Манай нөхөрлөлийнхөн дор бүрнээ ногоо, модоо тарьж, зөгийгөө үржүүлээд л үйл ажиллагаагаа явуулж байна даа.
 Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ