ОУХМ Ц.Пүрэвжав "Энхийн бамбар"-ын элч болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-08-06 15:54:56
Дорнод /МОНЦАМЭ/. Шри Чинмойн “Эвийн өргөө, Энхийн гүйлт”-ийн Ази, Номхон далайн бүсийн зохион байгуулах хорооноос “Энхийн бамбарын элч” шагналыг Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн багш,  олон улсын хэмжээний мастер Ц.Пүрэвжавт олгов.
Түүний хувьд өмнө нь “Энхийн бамбар” аялуулах гүйлтэнд Монгол Улсаа төлөөлөн 1995, 2016 онд идэвх зүтгэлтэй оролцож байжээ. Олон улсын хэмжээний мастер Ц.Пүрэвжав Италийн Турин хотноо 2013 онд болсон мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Азийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнээс 2009 онд хоёр зайд алт, 2010 онд гурван зайд уралдан алт, мөнгө, хүрэл медаль, 2012 онд өмнөх жилүүдэд оролцсон гурван зайдаа бүгдэд нь түрүүлж, алтан медаль ихэрлүүлж байсан юм.
Дэлхийн  улс орнуудад энхтайван, эв нэгдлийг түгээх зорилготой  “Энхтайвны гүйлт” 1987 онд эхэлж, Монгол Улс 1997 онд анх удаа оролцож, өдгөө дэлхийн 150 гаруй орны тамирчид, сайн дурынхан энхийн бамбарыг түүчээлэх болжээ.
“Эвийн өргөө, Энхийн гүйлт-2018” энэ жил “Энхийн төлөө” уриан дор өрнөж байна. Энхийн бамбар аялуулах энэхүү энхтайвны гүйлт Непал, Япон, Солонгос, Хятад улсаар аялан өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын зүүн хязгаарын хилээр орж ирсэн. Энхийн бамбар манай орны 13 аймгийн 40-өөд сум суурингаар аялан гурван мянга орчим км замыг туулан баруун хязгаарын хилээр гарах юм. Гүйлтэд Монгол Улсын 14 иргэн болон Австралийн тамирчин Рейтин Боултон, ОХУ-ын тамирчин Михайл Васильчинко нар оролцож байгаа. Гүйлтийг үргэлжлэх явцад сайн дурын гүйгчид, мэргэжлийн тамирчид хэн ч нэгдэж болох гэнэ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ