Ази, Номхон далайн Бүс нутгийн ХАҮТ-уудын Нэгдсэн холбооны ерөнхийлөгч Монголд айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-07 15:39:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн Бүс нутгийн ХАҮТ-уудын Нэгдсэн холбоо (CACCI)-ны ерөнхийлөгч Жемал Инайшвили манай улсад ирэх есдүгээр сарын 5-9-нд айлчилна.
Дэлхийн 28 орон, 47 үндэсний болон орон нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн Танхим (ХАҮТ)-уудыг эгнээндээ нэгтгэсэн, бүсийн хэмжээнд бизнес, эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага Ази, Номхон далайн Бүс нутгийн ХАҮТ-уудын Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч  Жемал Инайшвили болон тус холбооны төлөөлөгчид Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд манай улсын холбогдох албан тушаалтан, бизнесменүүдтэй уулзаж, Монголд худалдаа эрхлэх боломж, нөхцөл байдалтай танилцаж холбогдох мэдээллийг авах юм. Айлчлалын хүрээнд “Бизнес форум” болох бөгөөд төлөөлөгчид МҮХАҮТ-аас зохион байгуулдаг B2B уулзалтад оролцож, Засгийн газрын болон томоохон бизнесменүүдтэй уулзахаас гадна нэг өдрийг эмэгтэй бизнес эрхлэгчидтэй зөвлөлдөх хурлыг хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн CACCI-н төлөөлөгчид Монголын аялал жуулчлалын гол бүсүүдээр айлчилж, Монгол соёл уламжлалтай танилцана.

Ази Номхон Далайн орнуудын ХАҮТ-аас тив, бүс нутгийн гишүүн улс орнуудын чанартай бизнес эрхлэгч, шилдэг Энтрепрёнеруудыг шалгаруулж “Алтан цом” хүртээдэг бөгөөд манай улсаас “Туушин”, “Бриж групп”, “Өгөөж чихэр боов”, “Номин Холдинг”, “Бишрэлт Холдинг”, “Таван богд”, “Петровис”, “Ган хийц”, “Монполимет” зэрэг Монголын шилдэг 16 компани авсан юм. Өнгөрсөн онд энэхүү шагналыг “Ай Ти Зон” компани авсан юм. Тус компанийн хувьд 2010 оноос боловсруулж эхэлсэн GREEN ERP байгууллагын нөөц төлөвлөлтийн систем, түүний анхны үндсэн модуль болох Green HRM хүний нөөцийн системийн клауд хувилбарыг Мьянмар, Шри-Ланка зэрэг улсад хүргэхээр зорин ажилласныг нь үнэлж тус шагналыг гардуулжээ.
Тодруулга: МҮХАҮТ нь Ази Номхон Далайн Бүс нутгийн ХАҮТ-уудын Нэгдсэн Холбоо (CACCI)-нд 2002 онд үндсэн гишүүнээр элссэн бөгөөд тус холбооны үйл ажиллагааг Монголын бизнес эрхлэгчдэд хүргэн ажилладаг юм.
Б.Болд
.
 
Холбоотой мэдээ