АНУ Хятадын 279 бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-08 10:37:35
twitter.com/Nyamkanmk
ВАШИНГТОН. /CNN/. БНХАУ-аас импортолж буй 16 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд АНУ 25 хувийн татвар ногдуулж байгаа бөгөөд эдгээр бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргажээ.

Уг жагсаалтад мотоцикл, хурд хэмжигч, антен зэрэг 279 бүтээгдэхүүн багтжээ. БНХАУ-аас импортолж буй бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах энэ арга хэмжээ наймдугаар сарын 23-наас хэрэгжиж эхлэх ажээ. Энэхүү арга хэмжээ БНХАУ болон АНУ хоорондын худалдааны дайныг хурцадмал байдалд хүргэж магадгүй байна.

БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулбал барааны үнэ нэмэгдэж, хэрэглэгчдэд дарамт учирна гэж АНУ-ын бизнес эрхлэгчид анхааруулсан боловч Д.Трампын Засаг захиргаа Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах хоёр дахь арга хэмжээ авлаа.

Өнгөрсөн долдугаар сард АНУ Хятадаас импортолж буй 34 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан билээ. Энэ үйлдлийг БНХАУ буруушааж, АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж, адил арга хэмжээ авна гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ