ОХУ-ын их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан "Бид Монголын бахархал" өдөрлөг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
nandintsetseg@montsame.gov.mn
2018-08-15 17:36:30
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын их, дээд сургуульд шинээр элсэн суралцагчдад зориулсан “Бид Монголын бахархал” өдөрлөг өнөөдөр Оросын шинжлэх ухаан соёлын төвд боллоо. Хүний нутагт амжилттай суралцаж, сэтгэл хангалуун аж төрөхөд анхаарвал зохистой мэдлэг мэдээллийг залууст өгдөг энэхүү өдөрлөгийг БСШУСЯ, оюунлаг хөгжлийн дэмжигч “Ле Мон” клуб, Оросын шинжлэх ухаан соёлын төв хоёр дахь жилдээ хамтран  зохион байгуулав.

Өдөрлөгт Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн салбарын захирал М.А.Борисов, орос хэлний сургалтын төвийн захирал Д.В.Борисова, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Баяр, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд Боловсрол, оюутны асуудал хариуцан ажиллаж байсан дипломатч Ц.Сайнсанаа, ОХУ дахь МЗХ-ны төлөөлөл “Ле Мон” клубын тэргүүн М.Мөнхжин, Москвагийн Сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургуулийн төгсөгч, Сэтгэл судлалын ухааны доктор Б.Энхмаа нар оролцож хуран цугласан 13 хотын 100 гаруй элсэгчдэд мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултад хариулав.

Манай улсын хувьд жилд 1200 орчим оюутан аль нэг улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар хилийн дээс алхдаг бол жил бүр 500 оюутан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их дээд сургуульд элсэн суралцдаг.

БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Баяр, “ОХУ-ын их дээд сургуульд шинээр элсэн суралцагчдад хэрэгтэй мэдлэг мэдээлэл олгох энэхүү өдөрлөгийн ач холбогдол өндөр. Анхлан хилийн дээс алхаж буй оюутнууд бичиг баримт, эрүүл мэндийн даатгал, тээврийн хэрэгсэл, дотуур байрны талаар олон асуултад хариулт авах шаардлага тулгардаг. Оросын байгалийн ухаан, инженер, техникийн чиглэлийн боловсрол дэлхийд үнэлэгддэг. Манайх энэ талын нарийн мэргэжилтнүүдийг Орост бэлтгэхэд анхаарч байна. Түүнчлэн ДТГ-уудад буй оюутнуудын мэдээллийг үндэслэн 1990 оноос хойш алдагдаад буй гадаадад суралцагчдын бүртгэлийн нэгдсэн системийг ГХЯ-тай хамтран хийх ажил өрнөж байна” гэлээ.



Москвагийн Сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургуулийн төгсөгч Сэтгэл судлалын ухааны доктор Б.Энхмаа “Өнөөдрийн арга хэмжээ ”Бид монголын нэрийн хуудас-хоёр улсын найрамдлын гүүр” уриан дор зохион байгуулагдаж байна. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тал дээр манай улс онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Энэхүү өдөрлөг оюутан залууст хэрэгтэй мэдээлэл олгохоос гадна Монгол улсад хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн шаардлагатай боловсон хүчнийг системтэйгээр бэлтгэх ажлын биелэлт, төгссөний дараах ажлын байрны олдцыг судлах зорилготой зохион байгуулагдаж байна. Түүнчлэн оюутнууд хүний нутагт болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар элссэн сургуулийнхаа ах эгч нараас заавар зөвлөгөө авах боломжтой. Хилийн дээс алхаад Доржийн Дулмаа биш Монголын Дулмаа хэмээн овоглогдох учраас манай оюутнууд сурах арга барил эзэмшиж, хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай байх хэрэгтэй” хэмээн онцлов.



Г.В.Плехановын нэрэмжит Москвагийн Эдийн засгийн их сургуулийн элсэгч Х.Мөнхжаргал “Би БХЯ-ны харьяа “Тэмүжин өрлөг” дунд сургуулийг энэ жил төгссөн. Г.В.Плехановын Эдийн засгийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцахаар удахгүй явах гэж байна. 2017 оны сүүлээр Оросын шинжлэх ухаан соёлын төвийн орос хэлний сургалтад хамрагдаж 2018 оны гурван сард ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн шалгалт өгч тэнцсэн. Түүний дараа сургуульдаа бүртгүүлж, урилга аваад өнөөдөр визээ авлаа. Олон хүн бужигнасан шинэ орчинд очно гэхээр догдолж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
 
 
Холбоотой мэдээ