"Нүүдэлчин Монгол 2018" наадамд Дундговь аймаг жилийн дөрвөн улирлыг онцолжээ

ФОТО МЭДЭЭ
189@montsame.mn
2018-08-17 13:50:35

Дундговь /МОНЦАМЭ/. Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин Монгол 2018” наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг оролцсоноос Дундговь аймаг гуравдугаар байрт шалгарлаа.

Тус наадам 8 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Хүй долоон худгийн торгон ногоон дэвжээнээ болсон бөгөөд эх хэл, аман уламжлалын илэрхийлэл, язгуур урлагийн илэрхийлэл, зан үйл, ёс заншил, ёслол, баяр наадмууд, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан, уламжлалт урлал гэсэн таван ай савын хүрээнд зохион байгуулагджээ.

“Нүүдэлчин Монгол 2018” наадамд Дундговь аймаг таван ай савын хүрээнд 15 сумын 50 гаруй шалгарсан ардын авьяастан, гар урчуудын бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд отгийн зохион байгуулалтад орж, тоглолт, үзүүлбэрүүдийг үзүүлсэн. Дундговь аймгийн отог нь Нүүдэлчин Монголын жилийн дөрвөн улирлыг харуулсан гэрүүдийг барьж, тухайн улиралд эдэлж хэрэглэдэг өв соёлын эд өлгийн зүйлс, зан заншлыг харуулснаараа онцлогтой юм.
Б.Ундармаа