“Мэдээлэл, технологийн хамтарсан парк” байгуулах сонирхлоо илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-08-23 11:43:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байгаа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ХКН-ын Төв хорооны Улстөрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хань Жөнтэй уулзаж, хоёр орны улстөр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож, дотно яриа өрнүүллээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин  тус улсад зохион байгуулж байгаа “Ухаалаг технологийн Олон улсын анхдугаар экспо” арга хэмжээнд “Худалдаа, эдийн засаг, Шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын ЗГХК болон “Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл”-ийн Монголын хэсгийн даргын хувиар оролцож байна. Тэрээр НХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хань Жөнтэй уулзаж буйдаа талархал илэрхийлээд “Ухаалаг технологийн олон улсын анхдугаар экспо” арга хэмжээ нь цаг үеэ олсон үйл явдал болохыг тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа амжилт хүссэн юм. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа олон чиглэлээр улам гүнзгийрэн урагшлан хөгжиж, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр ярилцаж тохиролцсон олон чухал төсөл, арга хэмжээ урагшлан хэрэгжиж буйг талууд тэмдэглэв.2019 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын өндөр дээд түвшинд харилцан айлчлал, мөн хамтарсан арга хэмжээ зохион байгуулах тухайд санал нэгдэв. “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд Монголын тал идэвхтэй оролцож, “Хамтарсан IT park” байгуулах, software-ийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолоо илэрхийлэв. Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Худалдааны төлөөлөгчийн газраа Бээжин, Тяньжин хотод нээхээр төлөвлөж, “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлахыг эрмэлзэж буйгаа Шадар сайд Ө.Энхтүвшин онцолж байв. Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил нэвтрэх цэгийг яаралтай тохиролцох шаардлагатайн дээр хамтын ажиллагаа өргөжиж байгаатай холбогдуулан шинээр Ханги-Мандалын боомтоор төмөр замын гарц нэмж байгуулах саналыг тавьж хил нэвтрэх цэгийг ойрын хугацаанд тохиролцох хүсэлтээ илэрхийлэв.
Холбоотой мэдээ