Г.Занданшатар: Сахилга хариуцлага, дэг журам төрийн албан хаагчдаас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-24 16:18:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай уулзаж, сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг даалгавар өглөө.
Төрийн албанд тавих шаардлага өндөрссөн
 
Тэрээр, “Засгийн газраас 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” баримтлахаар зарласан. Үүнд, эдийн засгийн реформ, хүний хөгжлийн реформ, төрийн реформ хийх талаар тусгасан байгаа. Энэ бүхний үндэс нь төр хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Төрийн албан тушаалтан ард иргэдэд үйлчлэх ёстой. Ард иргэддээ тэгш, шударга үйлчилж чадвал ард иргэд төрдөө итгэдэг болно. Энэ ажлыг төрийн албанаас, төрийн албан хаагчдаас эхлэх ёстой. Тиймээс иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлэх ажлыг ирэх 9 дүгээр сарын 1-ний дотор эцэслэж, цаашид тогтмол хэвшүүлж ажиллахыг үүрэг болгож байна. Засгийн газар энэ онд багтаж нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран төрийн албан хаагчдад аттестатчилал буюу мэргэжлийн үнэлгээ явуулна. Мөн ирэх 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн албаны шинэчлэн баталсан хуулиар төрийн албанд тавих шаардлага өндөрссөн. Хууль хэрэгжсэнээр Засгийн газрын Гурван тулгуурт бодлогын төрийн шинэчлэл, түүний гол үндсэн зарчим болох Үндсэн хуулийн реформ, төрийн албаны реформ, засаглалын реформ хийх бодлого төгс хэрэгжих бололцоо бүрдэнэ. Мэргэжлийн үнэлгээ явагдаж, ёс журмыг шинэчлэх ажил нь төрийн албанд эрс шинэчлэлийг авчирна. Сүүлийн 4-5 жилд тогтсон хэт задгайрч ирсэн байдлыг цэгцлэх шаардлагатай байна” гэдгийг тодотгон хэлсэн юм.
Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын 95 хувийг шийджээ
 
Нийслэлийн хэмжээнд энэ оны 8 дугаар сарын байдлаар иргэдээс нийт 25.283 өргөдөл гомдол ирснээс 95.5 хувь буюу 24.140 өргөдөл гомдлыг шийдвэрлэжээ. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбарт үзүүлж байгаа нутгийн захиргааны байгууллагын 332 нэр төрлийн үйлчилгээ, дагалдах хувийн хэвшлийн 21 байгууллага үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавин ажиллаж байна.
2018 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс 19.410 өргөдөл гомдол гаргаснаас 18.085 нь шийдвэрлэжээ. Нутгийн захиргааны 5 байранд байрлах 140 гаруй байгууллагын харуул хамгаалалтыг чангатгаж, албан хаагчдын ажлын цаг ашиглалт, ажлын байрны эмх цэгцтэй холбоотой асуудлаар сар тутамд хяналт шалгалтыг зохион байгуулж хэвшүүллээ. Цаашид төрийн алба, албан тушаалтны сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлнэ гэдгээ өнөөдрийн уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлж байв.
 
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Холбоотой мэдээ