Майк Помпеогийн Умард Солонгост хийх айлчлалыг цуцаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-25 16:14:16
twitter.com/Nyamkanmk
ВАШИНГТОН. /ВВС/. Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Умард Солонгост хийх айлчлалыг цуцаллаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.

"Умард Солонгост хийх айлчлалаа цуцлахыг би Майк Помпеогоос хүссэн. Учир нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хангалттай ахиц дэвшил гарахгүй байна" гэж мэдэгдээд, Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах ажилд БНХАУ дэмжлэг үзүүлэхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. БНХАУ Умард Солонгост шахалт үзүүлэхгүй байгаа нь АНУ-тай үүсээд буй худалдааны дайнтай холбоотой гэж Д.Трамп үзэж байгаа ажээ.

Гэвч тэрбээр, Майк Помпео удахгүй буюу БНХАУ-тай үүсээд буй худалдааны асуудлыг зохицуулсны дараа Умард Солонгост айлчлах болно гэж мэдэгджээ.

Харин Майк Помпео пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ, “Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн дипломат ажиллагааг урагшлуулахаар ирэх долоо хоногт тус улсыг зорино. Умард Солонгосын асуудлыг дипломат арга замаар зохицуулах нь Ерөнхийлөгч Дональд Трампын эн тэргүүний зорилт юм” гэж мэдэгдсэн билээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ