Элэгний В, С вирүсийн эрт илрүүлгийн шинжилгээ тендэртэй холбоотой оройтож эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-27 20:43:06
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Баруун бүсийн аймгуудын эрүүл мэндийн анхан шатны нэгж өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт “Хандлагаа өөрчилье-Амжилтаа ахиулъя” сэдэвт онол, практикийн сургалтад хамрагдлаа.
 
Сургалтад Говь-Алтай, Увс, Ховд, Завхан, Баян-Өлгийн аймгийн өрхийн Эрүүл мэндийн төвийн 95 мэргэжилтнүүд оролцож гурван өдрийн турш мэргэжлийн ур чадвар хийгээд урлаг спортын төрлөөр өрсөлджээ. Онол, практикийн сургалтаар эмч, эмнэлгийн мэргэжлийн харьцаа хандлага, хоол боловсруулах үеийн эмгэгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээ сэвдүүдээр хэлэлцэн, туршлагаа хуваалцсан байна. Мөн үеэр Монголын өрхийн анагаах ухааны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа, тус холбооны ажилтан н.Амаржаргал, Хүний хөгжлийн төлөө институтын багш н.Алтанцэцэг, “Этүгэн” анагаах ухааны дээд сургуулийн багш н.Болд нар сургалтад оролцогчдод дээрх сэдвүүдийн хүрээнд шинэ мэдлэг олгосон юм. 
 
“Анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлж буй өрхийн эмч, сувилагчид хамрагдсан энэхүү сургалтаар аливаа өвчлөлийн эрт илрүүлгийн тухай онцлон хэлэлцсэн нь маш үр дүнтэй байлаа. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй элэгний В, С вирүсийн эрт илрүүлгийн шинжилгээ манай аймагт шинжилгээний материал нийлүүлэх тендэртэй холбоотойгоор дөнгөж өнөөдрөөс эхэлж байна. Гэтэл Завхан аймагт 80 гаруй хувьтай явагдаж байгаа нь бодитой үр дүнд хүрч байгаагийн илрэл гэж ойлгож байгаа” хэмээн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Энх-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Д.Оюунчимэг сэтгэгдлээ хуваалцлаа. 
Сургалтыг Монголын өрхийн эмнэлгийн холбоо, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Есөнбулаг сумын ЗДТГ, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулжээ. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ