Пластик загварын уралдаанд түрүүлсэн ялагч олон улсын тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-08-31 16:24:08
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-ын Ялалтын баярын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан тус улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М. Ахмет Язалын санаачилгаар Монголын Пластик дууриамал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэг хамтран "Байлдааны хуягт техникийн пластик загварын уралдаан" зохион байгуулав.
 
Тус тэмцээнийг иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” авиа компани ивээн тэтгэсэн бөгөөд тэмцээнд нийт 15 бүтээл өрсөлдөв.

Пластик дууриамал загвар зохион бүтээгчдийг дэмжих, ирээдүй хойч үедээ сурталчлан таниулах, цаашлаад хоёр улсын дууриамал загвар сонирхогчдын хооронд хамтын ажиллагаа бий болгох зорилго бүхий энэхүү уралдаанд Монголын Пластик дууриамал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэгийн ахмад гишүүн П. Эрхэмбаяр нэгдүгээр байр эзэлж 9 дүгээр ээр сарын 8-9-ний өдөр БНТУ-д  болох "Plastic Battle Armor Modeling Show" уралдаанд оролцох эрх, онгоцны ирэх, очих тийзээр шагнуулав. Мөн Элчин сайд М. Ахмет Язал тэмцээний 2,3,4 дүгээр байр эзэлсэн Ш. Баттөр, Б. Энхбаяр, К. Билгүүн нарт  гарын бэлэг гардуулав.


 
Ийнхүү Монгол Улсаас анх удаа энэ спортын төрөлд олон улсын хэмжээний тэмцээнд тамирчин өрсөлдөх юм.

Уралдааны тэргүүн байрын эзэн  П. Эрхэмбаяр, "Би анх 1980 оноос хойш 12 настайгаас энэ спортыг сонирхож эхэлсэн. Аав минь Москвад ажиллаж байгаад Монголд ирэхдээ угсардаг дууриамал загвар надад авчирч өгсөн юм. Тэгээд анхны загвараа угсарснаас хойш л  татагдсан даа.
Би энэ тэмцээнд зориулж 1 сарын өмнөөс бүтээлээ хийж эхэлсэн. 1914-1945 оны  хооронд ашиглаж байсан  Германы “Пантер-Ф” загварын хөнгөн танкийг 75 хувь жижигрүүлж хийсэн. Одоогоор 60 гаруй модель угсарсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 
 
Сонирхуулахад энэ хобби нь олон улсад спортын нэг төрөл хэлбэрээр хөгжих болсон. Монголд 1500 орчим сонирхогч байдгаас 50 орчим нь идэвхтэй хичээллэдэг. Энэ спортоор хичээллэснээр ном уншиж түүхээ судлах, тэвчээртэй болох, техник, шинжлэх ухааны мэдлэгээ нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай аж.
Холбоотой мэдээ