ОХУ-д шувууны томуу гарсантай холбогдуулан тандалт судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-01 15:13:13
Архангай /МОНЦАМЭ/. Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, аймгийн Зооноз өвчин судлалын үндэсний төв, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн алба хамтран Өгийнуур сумын Өгий, Дойт нууранд шувууны томуу өвчний тандалт судалгааг 08 сарын 20-24-ний өдрүүдэд хийж дуусгажээ.

Учир нь ОХУ-д шувууны томуу өвчин гарсан бөгөөд нүүдлийн шувуугаар дамжин орж ирэх магадлалтай учраас шувууны буцах нүүдлийн үеийг тааруулан энэхүү тандалт судалгааг хийжээ. Тандалт судалгаагаар Өгийнуур болон Дойтын цагаан нуурт шувууны тооллого хийж, зүйлийн бүрдлийг тогтооход 47 зүйлийн 3629 шувууг бүртгэжээ. Мөн нууруудын эргэн тойрноос шувууны сангас цуглуулан 120 дээжийг зааврын дагуу авч, лабораторийн шинжилгээнд явуулсан байна.

Судалгааны явцад шувууны томуугийн болон ямар нэгэн шалтгааны улмаас гэмтсэн болон үхсэн шувуу тааралдаагүй байна. Судалгаа үргэлжилж байна.

Энэхүү судалгааг энэ жил гурав дахь удаагаа АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Шинээр тархаж буй цар тахал хөтөлбөр”-өөс санхүүжилттэй PREDICT-2” төслийн хүрээнд төслийн багийнхантай хамтран хийжээ. 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ