Гэр бүлийн хүчирхийлэл давтамжтай үйлдэгддэг гэж дүгнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-03 16:49:46
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Цагдаагийн газраас 2018 оны 1-р сарын 1-нээс 5-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 30 зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийтгэл оногдуулх, албадлагын арга хэмжээ авах саналыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Үүнээс Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон зөрчил 15, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчил 12, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг бусадтай харилцахыг хязгаарласан 3 зөрчил тус тус бүртгэгдсэн байна.

Архангай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн хэрэг, материалыг хүлээн авч 7 зөрчлийг хэрэгсэхгүй болгож, 23 зөрчилд зөрчлийн тухай хуульд заасан албадан сургалтад хамруулж, баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 30 зөрчлийг 100 хувь зөрчил гаргагч нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед үйлдэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил үйлдэгдсэн сум, нутаг дэвсгэрийн байдлаар авч үзвэл Эрдэнэбулган суманд 19, Төвшрүүлэх суманд 4, Эрдэнэмандал суманд 2, Чулуут суманд 2, Ихтамир суманд 2, Тариат суманд 1 тус тус үйлдэгджээ.

Судалгаанд хамрагдсан зөрчлүүд бүгд гэр бүлийн ахуйн хүрээнд үйлдэгдсэн бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хохирогчдын 29 буюу 96.7 хувь нь эмэгтэй, 1 буюу 3.3 хувь нь насанд хүрээгүй хүн байжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээд давтан үйлдсэн эсэхийг судалж үзэхэд 3 удаа буюу 10 хувьд нь давтан үйлдэгдсэн байх боловч зөрчлийн хэрэг, материалтай танилцахад дийлэнх хохирогчийн мэдүүлэгт урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан тухай дурдагдаж, аюулын зэргийн үнэлгээгээр дунд нөхцөл байдал тогтоогдож байгаа нь энэ төрлийн зөрчил ахуйн хүрээнд тодорхой давтамжтай үйлдэгддэг гэж дүгнэж болохоор байгааг Цагдаагийн газраас мэдээллээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ