Аадар борооны улмаас Энэтхэгт 50 мянган хүн гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
172@montsame.mn
2018-09-04 13:50:59
ШИНЭ ДЕЛИ. /РИА Новости/. Энэтхэгийн зүүн хойд нутгийн Нагаленд мужид орсоор буй аадар борооны улмаас 530 гаруй суурингийн 50 мянга орчим оршин суугчид сар гаруйн хугацаанд гадаад ертөнцөөс тусгаарлагдсан хэвээр байна. Энэ тухай телевизийн NDTV суваг мэдээллээ.  
 
Муссон салхиар үүсдэг бороо тус бүс нутагт 7 дугаар сарын 26-наас хойш үргэлжлэн орсоор байгаа бөгөөд байгалийн энэ гамшгийн улмаас 12 хүн амиа алджээ. Хөрш Мьянмар улстай залгаа хилийн дагуух орших уулын тосгод гамшигт хамгийн ихээр өртсөн байна. Тус районы замууд хөрсний нурангид дарагдаж, усанд автжээ.
 
Нагаленд мужийн засгийн газар холбооны эрх баригчдад хандан 8 тэрбум рупи буюу 114 сая долларын тусламжийг нэн яаралтай үзүүлэхийг хүссэн байна. Энэтхэгийн агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн оршин суугчдад хоол хүнс, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг хүргэх ажиллагааг явуулж байна.
 
Энэтхэг улсад 6 дугаар сараас 9 дүгээр сарын дунд хүртэл муссон салхиар үүсдэг борооны улирал үргэлжилдэг ажээ. Статистикийн мэдээллээр, энэ онд аадар борооны улмаас 1000 гаруй хүн амиа алдсан байна.
 
Б.Адъяахүү

 
 
 


Холбоотой мэдээ