Энэ сарын 15-наас хүйтрэх тул ургац хураалттай холбоотой ажлуудыг эрчимжүүлэхийг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-04 16:52:27
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар холбогдох яамны газрын дарга, ахлах мэргэжилтнүүд өнөөдөр 21 аймгийн удирдлага, хэлтэс, агентлагийн дарга нартай видео хурал хийв. Видео хурлаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажил дээр онцгой анхаарч ажиллахыг хэллээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 15-наас хүйтрэх тул ургац хураалттай холбоотой ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов.

Архангай аймгийн тухайд Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай”  218, 220 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан аймгийн засаг даргын 03 тоот албан даалгавар, бэлтгэл ажлыг хангуулах тухай төлөвлөгөөг гарган хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байгаагаа хэллээ.

Мөн аймгийн зүгээс шүлхий өвчнөөр өвчилсөн 742 толгой малыг зориудаар устгасан нөхөн төлбөрт 258.448.500 төгрөгийг шийдвэрлэх, шүлхий өвчин гарах эрсдэлтэй байгаа тул нэмж вакцин олгох, Өндөр-Улаан, Хотонт сумын сургуулийн уурын зуухны насос солих, Цэцэрлэг сумын сургуулийн цэвэр усны насосыг шинээр тавих, Хотонт, Чулуут, сумын сургуулийн Төвшрүүлэх сумын дотуур байрны уурын зуухны тогоог солих, Эрдэнэбулган сумын 1, 2-р сургуулийн хичээлийн байр, 3, 10-р цэцэрлэгийн  сантехникийн шугаманд их засвар хийх, Ирээдүй сургуулийн уурын зууханд их засвар хийх шаардлагатай байгааг хэлээд шийдэж өгөхийг хүслээ. Мөн аймгийн төвд баригдаж байгаа усан бассейныг ирэх онд өөр гүйцэтгэгч компани шалгаруулж, ашиглалтад оруулж өгөхийг хүсэв.

Засгийн газрын 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 01 албан даалгавар, 2018 оны 8 сарын 22-ны 258 дугаар тогтоолын холбогдох заалтуудын хэрэгжилтэд анхаарч ажиллахыг ЗГХЭГ-ын дарга  үүрэг болгоод тогтоолын дагуу ямар ажил хийж ажиллаж байгаа талаар 21 аймгаас мэдээлэл сонслоо. 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ