ТИКА-гийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-09-04 17:49:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2018.09.04) Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газар (ТИКА)-ын Суурин төлөөлөгч Эмрах Устаөмэр-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ноён Эмрах Устаөмэртэй уулзаж танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд ТИКА-гийн Улаанбаатар дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ажлаа эхлүүлж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
 
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Монгол, Турк хоёр улс нь эртний түүх, уламжлал, соёлын хэлхээ холбоотой улсууд бөгөөд сүүлийн жилүүдэд манай хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран идэвхжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэв. Мөн тэрбээр хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын харилцаа өргөжин хөгжиж байгаа бөгөөд энэ онд УИХ-ын дарга М.Энхболд БНТУ-д албан ёсны айлчлал хийсэн нь чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.
 
2012 онд ТИКА-гийн санхүүжилтээр “УИХ-ын цахим номын сан”, “Хэвлэх цехийн тоног төхөөрөмжийн шинэчлэл” гэсэн төслийг амжилттай хэрэгжүүлсэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон талархал илэрхийлээд энэхүү төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлж, хамтран ажиллах саналыг ТИКА-гийн Суурин төлөөлөгчид тавьлаа.
 
Ноён Э.Устаөмэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд хариу талархал илэрхийлээд ТИКА-гийн өнөөгийн үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өглөө. Суурин төлөөлөгч Э.Устаөмэр “УИХ-ын Тамгын газрын зүгээс тавьж буй төслийн саналыг бид судалж, хамтран ажиллахад бэлэн байна” гэв.
 
 
Уулзалтын төгсгөлд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн 2012 онд УИХ-ын Тамгын газрын Номын сан, Хэвлэх цехэд хэрэгжүүлсэн төслийн үр дүнг танилцуулав.   
Холбоотой мэдээ