Ховд аймгаас Шургийн гол хүртэлх 60-аад км автозамын хажууг зүлэгжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-09-06 09:53:31
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, "Ор Өнө Үүжин" ХХК хамтран ”Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилтээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам буюу Ховд аймгаас Шургийн гол хүртэлх 56.6 км авто замын хажуу налууг зүлэгжүүлэх ажлыг энэ оны 05 дугаар сарын 15-наас эхлэн гурван сарын хугацаанд хийжээ.

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хажуу налууг зүлэгжүүлэх, хөрс бэхжүүлэх ажлыг Монгол Улсад анх удаа хийж байгаа бөгөөд олон наст ургамал болох согоовор, хүцэнгэ, судан, хошоон зэрэг ургамлын үр тариалалтыг 100 хувь хийсэн нь 40 хувийн ургалттай байна. Авто замын хажуу налуу хөрсөнд тарьсан ургамлын үр нь байгаль орчин, мал, амьтанд ямар нэгэн сөрөг нөлөөгүй болохыг мэргэжилтнүүд онцлон хэллээ. Мөн хоёр буюу түүнээс дээш настай үр сонгож, авто замын хажуу налууг ургамалжуулах хэлбэрээс хамааруулан 3-аас дээш метртэй гадаргууд ургамлын үрийг мөрлөх буюу үечлэн тарьж, 3-аас доош метртэй гадаргууд үр цацах арга ашиглан тариалалт хийжээ. Энэхүү ажлыг "Ор Өнө Үүжин" ХХК–нийн 50 ажилтан хийж гүйцэтгэснээс 97 хувь нь орон нутгийн иргэд, холбогдох мэргэжилтнүүд ажиллажээ.
Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хажуу налууг зүлэгжүүлэх ажлын зорилго нь далан ба ургамлын налуу, ус зайлуулах шуудууны огцом хэмжээ, газар орны байгаль-цаг уур, гидрологи, геологийн нөхцөл, хөрсний шинж чанар зэрэг хүчин зүйлүүдийг тооцон тэдгээрийн гадаргууд өвс, ургамлын давхарга бий болгох замаар тогтвортой байдлыг нь хангаж, бэхжүүлэх, нуралт, хур тунадасны усанд угаагдах үзэгдлийг таслан зогсооход чиглэж байна. Мөн авто замын хөрсийг бэхжүүлж, хөрсний эвдрэлээс хамгаалах зориулалтын зүлэгжүүлэлт хийснээр замын дагуу эрэг, ганга үүсэх, хөрсний угаагдал, элсний нүүдэл, хөрсний гулсалтыг зогсоох ач холбогдолтой болохыг салбарынхан онцлов.
 
А.Бямбасүрэн
 

Холбоотой мэдээ