Шүлхий өвчний тархалт зогсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-09-10 13:50:10
Дундговь /МОНЦАМЭ/ Наймдугаар сарын эхээр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний гаралт зогссон тухай аймгийн МЭА-ны халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Ц.Гэрэл мэдээллээ.
Тус сумын Мааньт II багийн Бага бүүрцэг хэмээх газар наймдугаар сарын 09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд шүлхий өвчин болох нь тогтоогджээ. Иймээс  наймдугаар сард зургаан өрхийн 866-хонь, 251-ямаа 1117 малыг тусгаарлаж, сумын Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоож, голомтын бүсийг тойруулан хяналтын цэгүүд ажиллуулжээ. Есдүгээр сарын 02-ны байдлаар 10 өрхийн 3058 мал /2439 хонь, 619-ямаа/ өвчилснийг тусгаарлаж, өвчний голомтын бүсийг тойруулан хяналтын 11 цэгт 24 хүн, 22 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гаралтай гоц халдварт өвчин юм. Тиймээс вирусын гаралтай энэ өвчний гаралтыг зогсоохын тулд өвчний голомтот Сайхан-Овоо сумын бүх мал болон зэргэлдээх Эрдэнэдалай, Дэлгэрхангай сумдын хил залгаа багуудын малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 504,800 мянган тун вакцин хүлээн авч, вакцинжуулж байгаа ба энэ ажил есдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.  
Харин сүүлийн вакцин тарьсан өдрөөс хойш 21 хоногийн хугацаанд өвчний шинж тэмдэг илрээгүй бол сумын Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээр тавигдах ажээ.
Д.Алтантогос 
Холбоотой мэдээ