Элчин сайд нарын айлчлал хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 08:34:55

Энэ дүгнэлтийг 2015 оны 12 дугаар сарын гуравны өдөр цэцэрлэг хотноо болсон Архангайн ИТХ-ын долдугаар хуралдаан дээр аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ тавьсан илтгэлдээ онцоллоо.

2013 оноос хойш БНХАУ, БНЭУ, Франц, Швейцарын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ван Шяо Лун, Сомнат Гош, Ив ДЭЛУНЭ /Yyes DELAUNAY/, де Дардиел Мануель Мюулебах нар арын сайхан хангай нутагт айлчилсан билээ.

Түүнчлэн БНСУ-ын Ганг Нинг хот, Чон Ян муж, АНУ-ын Беллингхэм хот, БНХАУ-ын Юннань муж, Улаан хад хийгээд Эрээн хот зэрэг газруудтай харилцан айлчлал хийж, хамтран ажиллах санамж бичгүүдэд Архангай аймгийн удирдлагууд гарын үсэг зурсан байна.
 
Дээрх айлчлал, гэрээ хэлэлцээрийн үр дүнд 2013 онд солонгосын эмч нарын баг,  2014 онд хятадын уламжлалт эмчилгээний баг, ХБНГУ-ын хил хязгааргүй шүдний эмч нар, 2015 онд олон улсын тусламжийн байгууллагын эмч нар, Турк улсын эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд, Японы хүүхдийг ивээх сангийн “Денан” төслийн баг Архангай аймгийн олон мянган хүнд үнэ төлбөргүйгээр үзлэг оношлогоо эмчилгээ эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийжээ.

Мөн БНСУ, ОХУ, Япон, Турк улсад хамтран ажиллах гэрээний дагуу зургаан эмч, БНЭУ, БНХАУ-д төрийн зарим албан хаагч мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсанаас гадна хүлэмжийн жимс ногоо тарьж ургуулах чиглэлээр БНСУ-д хоёр дадлагажигч туршлага судлаад иржээ.

Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит хөгжимт драммын театрын уран бүтээлчид ОХУ-ын Буриад орон, БНХАУ-ын ӨМӨЗО-д хоёр удаа айлчлан тоглолт хийжээ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын дэмжлэгээр тус аймагт Хятад Улсын соёлын өдрүүд зохиогдож, жил бүр БНХАУ-ын элчин сайдын яамны нэрэмжит спортын тэмцээнийг Архангайн багш нарын дунд уламжлал болгон явуулдаг. Мөн аймгийн хэд хэдэн суманд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр бэлчээрийн “Ногоон алт” төсөл амжилттай хэрэгжсэн байна. 
Сонины хуудас сөхөхөд Франц Улсаас Монгол Улсад суугаа Ив ДЭЛУНЭ 2013 онд МонЦаМэ агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагандаа, “Франц Улс Архангай аймагтай археологи, эрүүл мэнд, мал аж ахуй аялал жуулчлалын салбарт хамтран ажилладаг. Тухайлбал, аймгийн нэгдсэн эмнэлэгт Франц улсын Санте-сюд байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд сонирхолтой ажлууд зохиогдсон. Архангай аймаг бол аялал жуулчлалын бүс нутаг учраас манай улсын жуулчид энд нэлээд ирсэн байх гэж бодож байна. Франц жуулчдын тоо өссөөр байгаа. Францын элчин сайдын хувьд орон нутгийн хэмжээнд харилцааг сайжруулах бодолтой явдаг. Монгол Улсын тухай нэвтрүүлэг, нийтлэлүүд Францын телевиз, сониноор их гардаг...” гэсэн байдаг. 
Одоогоор БНСУ –ын Ганг Нинг хот, Чон Ян мужын тусламжаар Цэцэрлэг хотын хоёр гудамжийг тохижуулах, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хүүхдийн цэцэрлэг барих, Улаан хад хотын нэрэмжит гудамж байгуулах бэлтгэл ажил хангагдаад байна гэж ЗДТГ-аас мэдээллээ.

Архангай аймаг. Л.Булган   

 

 

 

Related news