Ч.Баасанжав:Бэлчээрийг нөхөн сэргээх, олон настай ургамал тарих шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 11:08:04

Бэрхшээлтэй зүйл бэлчээрийн асуудал байгаа Архангай аймгийн Хүнс ХАА-н газрын дарга
Ч.Баасанжаваас тодруулга авлаа. 

-Саяхан чуулсан аймгийн ИТХ-ын VII хуралдаан дээр ХАА-н асуудлыг хөндөж нухацтай хэлэлцэж шүүмжлэл ч их гарлаа. Энэ тухайд таны үгийг сонсъё? 
-ИТХ-ын төлөөлөгчид цөмөөрөө ярих ёстой асуудлын нэг яах аргагүй мөн. Бэрхшээлтэй юм бэлчээрийн асуудал байгаа. Найман сая орчим хонь бэлчих даацтай. Нийт малаа хонин толгойд шилжүүлээд бэлчээрт аваад үзэхээр малын толгойн тоо илүү гараад байгаа юм. 
-Тэгээд одоо яах ёстой вэ?
-Малын бэлчээрийг нөхөн сэргээх, олон настай ургамал тарих ёстой. Бэлчээрийн менежменттэй холбоотой асуудалд мөнгө төлөвлөх хэрэгтэй байгаа. Бүх шатны Засаг дарга нарын зүгээс үүнд анхаарах ёстой чухал асуудлын нэг мөн. 
-Малын үржил үүлдэр угсааг сайжруулахад хэрхэн хандаж байна вэ?, Цөм сүрэг устаж үгүй болсон юм уу? 
-Сүүлийн гурван жилийн хугацаанд малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр нэлээд бодитой ажлууд хийсэн. Цөм сүрэгт одоо 900 гаруй толгой мал байна. Хуцыг үржилд ашиглаад явж байна. Цөм сүргийн төв дээр байхад орлого зардлаа нөхөж чадахгүй гацаанд орж, аргагүй эрхэнд ХАА-н газарт өгсөн. Би авах дургүй байсан боловч төрийн алба хашиж байгаа хүний хувьд ёсзүйтэй байхыг бодож хандсан. Мал ямар байсан юм бэ? –гээд асуудлыг эргэн сөхөж яривал ярих юм бий. Цөм  сүргийн хувьд болж өгвөл өнөөдрийг хүртэл тоо толгойг нэмэгдүүлчих юмсан гэсэн бодолтой ажиллаж байгаа. 
-Худаг, өвсний нөөц, мөнгө төгрөг үнэ хөлс гээд бусад асуудлаа ярилцах уу? 
-2015 оны хувьд, аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн ч,  бүх төлөөлөгчдийн ч хуралдаан дээр би худгийн мөнгийг бүрэн шийдүүлж чадаагүй. Худаг гаргах зардлыг танаад боловсрол, хүүхдийн цэцэрлэг нэн чухал гээд ЕБС, цэцэрлэгт мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Гэхдээ 19 худаг шинээр баригдсан. Боломжоороо өвс хадлангийн нөөцөө бүрдүүлсэн. Гэхдээ одоо зарим суманд 10см цас нэмж орвол байдал хүндрэхээр байгаа учир холбогдох хүмүүс шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг дор дор нь тухай бүрд нь шуурхай авч байна. 
-Хувийн мал эмнэлгүүд мөнгөгүй гээд байна л даа?
-11 дүгээр сарын 13-ны аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар 62 дугаар тогтоолыг гаргаад үйлчилгээний хөлсийг бусад аймгийн жишигт хүргэж нэмэгдүүлсэн. Цаашдаа үүнд анхаарлаа улам илүү хандуулахыг аймгийн Засаг даргаас хүсэж байна.   

Архангай аймаг Л.Булган   

 

Related news