Агуулахын үлдэгдлээ эргэлтэд оруулснаар хэмнэлт гаргана гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:22:15

“Эрдэнэт”  үйлдвэр ХХК-ийн удирдлага, инженер, техникийн ажилтнууд зардал хэмнэж, орлого нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөлдлөө. Тус үйлдвэр зардал хэмнэх талаар Ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг зөвлөгөөний үеэр хэрхэн ажиллаж байгаагаа товч дурдлаа.

Тухайлбал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, эрчим хүчний зардлаа багасгахад анхаарч байгаа гэнэ. Үүний үр дүнд 23 тэрбум 129 сая төгрөгийн хэмнэлт гаргана гэсэн тооцоо гарчээ. Мөн нийгмийн цехүүд үйл ажиллагаагаа өргөжүүлж эрчимтэй ажиллавал 2.1 тэрбум төгрөг хэмнэх аж. Үүнээс гадна худалдан авалтын хэмжээг багасгаж, агуулахад байгаа үлдэгдлийг эргэлтэд оруулах санал олны дэмжлэгийг авсан юм. Ингэснээр зөвхөн худалдан авалтаас 49 сая ам.долларын хэмнэлт гарах гэнэ. Мөн үйлдвэрийн удирдлагын үйлчилгээ, шатахуун, утасны зардлыг бууруулсан байна. Эдийн засгийн хэмнэлтийг ажилчдын цалингаас таналгүйгээр зохицуулах хэрэгтэй байгааг онцоллоо.

 

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

Related news
Comments