Сүхбаатар аймагт 63 тонн өвс тусламжаар олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 12:15:27

Засгийн газрын 480-р тогтоолын дагуу Сүхбаатар аймагт 63 тонн өнжсөн өвс буцалтгүй тусламжаар олгохоор болжээ. Өвсийг үнэ төлбөргүй малчдад олгоно.

63 тонн өвс гэдэг нь 3150 боодол болох ба үүнийг 13 сумандаа хуваахаар нэг суманд 242 боодол өвс ноогдож байгаа юм. Тусламжаар олгогдож байгаа уг өвсийг сумд өөрсдийн хөрөнгөөр сумруугаа татах учиртай.

Мөн улсаас аймгийн төв дээр 200 тонн өвсийг татан байршуулна. Үүнийг харин малчдад тодорхой үнээр олгоно. Ингэж өвс татан байршуулдагийн гол зорилго нь иргэд, малчид мөнгөө бэлдээд сумын төврүү зориод ирэхэд өвс байхгүй гэх асуудал үүсгэхгүйн тулд нөөцөлдж байршуулж байгаа хэрэг юм.

Дээрх  тогтоолоор улсын нөөцөөс буцалтгүй тусламжаар өвс олгон, тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулж, хүн эмнэлэг шуурхай албыг хэрэгцээт автомашинаар хангах тухай заасан. Хямдралтай үнээр олгох тэжээлийн тухайд Сүхбаатар аймагт ирэхгүй гэдгийг аймгийн ҮХАА-н газрын дарга Т.Ган-Очир хэллээ.

Т.Одончимэг

 

Related news