Гэмт хэрэг буурсан ч учирсан хохирлын хэмжээ эрс өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-15 10:33:59

Дундговь аймгийн Цагдаагийн газрын 2015 оны жилийн эцсийн мэдээгээр Дундговь аймагт 242 гэмт хэрэг бүртгэгдэж, урьд оныхоос 20 гаруй хэргээр, гэмт хэрэгт холбогдогчдын тоо 219 болж 10 хүнээр тус тус буурсан үзүүлэлтийг танилцууллаа. Гэмт хэрэг ингэж 2013 оноос хойш тогтмол буурч иржээ.

Харин гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан хохирол 800 сая төгрөгт хүрсэн нь урьд хоёр жилийнхээс эрс өссөн үзүүлэлт болсон байна. Хохирлын 73 хувийг нөхөн төлүүлжээ.

Гэмт хэргийн зонхилох  буюу 38 хувийг хулгай, 29 хувийг бусдын биед гэмтэл учруулсан хэрэг эзэлж байгаа бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14.5 хувиар мөн өндөрт тооцогдож байна. Үлдсэн хувийг танхайрах, бусдыг залилах, хүний амь бүрэлгэх, хүчингийн гэмт хэрэг, золгүй учрал эзэлжээ. Харин дээрэм болон албан тушаал ашиглалын гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

Жил дараалан гэмт хэргийн зонхилох хувийг эзэлсээр байдаг хулгайн гэмт хэрэг дотроо малын хулгайн хэрэг урьд оныхоос 24 хувиар буурсан бол харин иргэдийн өмчийн хулгай 15 хувиар өсчээ.

18 ба түүнээс дээш насны 10 мянган хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүнгээр 83 байхад Дэлгэрцогт, Говь- Угтаал, Цагаандэлгэр, Гурвансайхан сум болон аймгийн төвд 86- 186 байгаа нь гэмт хэрэг ихтэй сум болж байна.

Т. Отгонтуяа

Related news