Соёлын төвийн халаалтын зуухыг засах хөрөнгийг шийдвэрлэхээр болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХөрсөн дээр цочир хүйтэрч, хүйтний эрч эрс чангарсан нь мал, малчдыг хүндрүүлээд зогсохгүй сумын төвийнхөнд ч бэрхшээл учруулжээ.
Тухайлбал, Эрдэнэдалай сумын нутгаар 40 градус хүрч хүйтэрсэнээс Соёлын төвийн уурын зуухны тогоо хөлдөж хагарсан байна. Үүний улмаас Соёлын төв үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, сумын иргэдэд урлаг, соёлын үйлчилгээ хүрэх боломжгүй болжээ. Халаалтын зуухыг засварлан хэвийн үйл ажиллагаанд оруулахын тулд 5 сая гаруй төгрөг шаардлагатайг сумын Засаг дарга хэлж байна. Тэрээр өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцахаар тус суманд ажилласан ажлын хэсэгт энэ асуудлыг танилцуулж, 5 сая төгрөгийг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсчээ.
Ажлын хэсэгт ажилласан аймгийн Онцгой комиссын дэд дарга Я.Алтанхундага эл хүсэлтийг Онцгой комиссын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэх боломжтой гэсэн хариулт өгсөн байна.
Одоогийн байдлаар Эрдэнэдалай сум 10- 15 см зузаан цастай. 1250 гаруй өрхийн 422 мянган мал өвөлжиж байгаа бөгөөд хатуурч хунгарласан цасанд малын шилбэ, хошуу зулгарах, хээл хаях зэрэг хүндрэл гарч эхэлсэн. Сумын аюулгүйн нөөцөд 40 гаруй тонн өвс байсан нь одоо дуусч, өвс тэжээл ихээр шаардагдаж эхэлсэн байна.
Т. Отгонтуяа