Зөрчилтэй эмийн санг хаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 17:03:50

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвийн Эмийн сангуудад шалгалт хийжээ. Шалгалтаар жороор олгох эмийг жоргүйгээр,хүчингүй жороор олгож байгаа /эмчлүүлэгчийн карт болон цаасан дээр бичсэн/ зөрчил нийтлэг илэрсэн байна.

Энэ төрлийн зөрчил төдийлөн буурахгүй байгаа нь “Эмийн жорын маягт, жор бичилт” MNS 5376:2014 стандартын дагуу эмийн жорыг бичдэггүйтэй холбоотой байгааг албаныхан хэлж байна.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан, хугацаатай албан шаардлага зөвлөмжүүдийг хүргүүлж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй “Монфа” эмийн сангийн үйл ажиллагааг улсын байцаагчдын хамтарсан 1/04 тоот актаар түр зогсоох арга хэмжээг авчээ. 

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2016 оны нэгдсэн төлөвлөгөө, Аймгийн мэргэжлийн хяналтын газрын баталсан удирдамжийн дагуу энэ удаад Арвижих-Эрдэнэ, “Монфа” эмийн сангуудад төлөвлөгөөт шалгалт, Ачлал, МСТНЖ-1, Цагаан тэвш эмийн сангуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. “Эмийн сангийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар “Арвижих-Эрдэнэ” эмийн сан их, бусад нь дунд эрсдэлтэй тус тус үнэлэгджээ.

Б.Мөнхзул

Related news