Цагдаагийн газар ажил үйлсээрээ манлайлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 17:09:54

Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний тасгаас 13 сум, 22 агентлаг, 6 төсөвт байгууллагын үйл ажиллагааг дүгнэжээ. Ингэхэд аймгийн Цагдаагийн газар улиран одож буй хонин жилийнхээ ажил үйлсээр бусад байгууллагуудаа манлайлж тэргүүн байрыг эзэлсэн байна.

Тус газар нь ард иргэдийнхээ амар тайван байдлыг сахин хамгаалах үндсэн үүргээ сайн биелүүлсэний зэрэгцээ газрын даргын тухайд ажилчдынхаа ажиллах нөхцөл байдлыг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд түлхүү анхаарч ажилласан байдаг. Тухайлбал: Ажлын байрандаа гадна болон дотор талын бүрэн засвар хийж, авто баазаа шинэчилж, Цагдаа хотхон шинээр ашиглалтанд оруулж ажилчдаа зах зээлийн үнээс хямд орон сууцаар хангасан. Ингэснээр тус байгууллагын нийт ажилчдын 30 гаруй хувь нь орон сууцтай болсон байна.

Сүхбаатар аймагт үйлдэгдсэн гэмт хэрэг урьд оноос буурч, илрүүлэлт өссөн байна. Мөн гэмт хэргийн улмаас иргэдл болон аж ахуйн нэгжид 861,7 сая төгрөгийн хохирол учирсаны 80,5 хувийн нөхөн төлүүлсэн байна.

Т. Одончимэг

 

Related news