"Ногоон гэрэл цагаан шугам" тэмцээнд хүүхдүүд эцэг эх, багш нарын хамт оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-28 15:29:39

Завхан/МОНЦАМЭ/. “Ногоон гэрэл цагаан шугам тэмцээн болж, Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийн таван сургуулийн 60 гаруй сурагч оролцосноос  Чандмань Эрдэнэ Лаборатори сургуулийн баг түрүүлжээ. 

Багууд гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа тэмцээн, урлагийн тоглолт гэсэн таван төрлөөр өрсөлдсөн байна. Тэмцээнд Улиастай сумын Чандмань Эрдэнэ Лаборатори сургуулийн баг түрүүлж, Жавхлант цогцолбор, Бүрэн дунд гуравдугаар сургууль, Дэвшил сургуулийн хүүхдүүд удаалжээ. Энэ үеэр жил бүрийн тэмцээнд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулдаг III сургуулийн багш Ш.Нарантуяа, IV сургуулийн багш Г.Бямбасүрэн нарыг Цагдаагийн газрын баярын бичгээр шагнаж сурагч Б.Галбадрах, Р.Баасандорж, А.Анударь нарыг “Авхаалжтай хүүхэд”-ээр шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнажээ. 

Энэ жил хүүхдүүд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадлыг илүү хялбар ойлгомжтой илэрхийлж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, анхны тусламжийн мэдлэгийг тэмцээний үеэр илүү гаргаж байсан нь онцлог боллоо. Эцэг эхчүүд болон багш нарын хамтран ажиллах үүрэг оролцоо их сайжирчээ. Хүүхдүүд урлагийн тоглолтыг ч замын хөдөлгөөний дүрэмтэй уялдуулан гаргаж ирсэн нь тэмцээнийг илүү сонирхолтой өгөөжтэй болголоо. Эцэг эхчүүд багш нар хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, сургуулийн орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж  ээлжээр эргүүл хийдэг тухайгаа энэ үеэр тайлагналаа. 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, сургууль бүр 2017-2018 оны зам тээврийн ослоос хүүхдийг урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гаргаж гэмт хэрэг ослоос сэргийлэх эцэг эхийн зөвлөлийг байгуулсан тухайгаа тайлагнаж үзүүлсэн нь энэ жилийн тэмцээний цар хүрээг өргөтгөж үр дүнтэй болголоо хэмээн зохион байгуулагчид дуулгав. 


Тус тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг хамтран сургуулийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.

Related news