Завханы Отгон сум интернэтийн сүлжээнд холбогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завханы
Отгон сум улсын төсвийн 550.0 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар шилэн кабельд холбогджээ.
Тус сумыг шилэн кабельд холбох ажлыг "Нью-Оптик" ХХК хийсэн бөгөөд энэ сарын 25-ны өдөр Мэдээлэл Холбоо Сүлжээ ХХК-ны инженерүүд шилэн кабелийн дамжуулалт, холболтын ажлыг гүйцээж дуусгалаа. Өнөөдрийн байдлаар үүрэн холбооны компаниуд сүлжээгээ өргөтгөх, өндөр хурдны интернетийн тоног төхөөрөмжүүдээ суурилуулах ажлыг хийж байна.
Завханы Отгон сум ийнхүү шилэн кабельтай болсноор 24 сум өндөр хурдны интернэтэд бүрэн холбогдоод буй юм. Тус сум өмнө нь висат сүлжээгээр дамжуулан интернэтэд холбогддог байсан бөгөөд, гацах, тасрах зэрэг бэрхшээлүүд тулгардаг байжээ. Түүнчлэн үүрэн холбооны компаниудын хэрэглэгчид нь зөвхөн яриа, мессеж дамжуулах үйлчилгээг авдаг байсан бөгөөд шилэн кабельтай болсноор гар утсаараа дамжуулан өндөр хурдны интернэтийн үйлчилгээ авах боломжтой болжээ.
Отгон сум нь Завхан аймгийн урд бүсийн
томоохон сум бөгөөд Отгонтэнгэр уулын бэлд оршдог. Жилийн дөрвөн улирал гадаад,
дотоодын жуулчид тасардаггүй газар юм. Өндөр хурдны интернэттэй болсноор аялал
жуулчлал хөгжих, мэдээлэл, сурталчилгаа шуурхай болох, төрийн үйлчилгээ
сайжирч, томоохон эвент арга хэмжээг шууд дамжуулах, гамшиг ослын үед шуурхай
мэдээллийг дамжуулах бүрэн боломжтой боллоо хэмээн албаныхан дуулгаж байна.