Ажил үүргээ гүйцэтгэх үеэрээ амиа алдсан цагдаа нарын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-28 15:01:34

ВАШИНГТОН. /AP/. 2018 онд ажил үүргээ гүйцэтгэх үеэрээ амиа алдсан цагдаагийн ажилтнуудын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад ихээхэн нэмэгдсэн тухай АНУ-ын Үндэсний хууль сахиулах ажилтнуудын дурсгалд зориулсан сангаас гаргасан тайланд дурджээ.


Тайлан мэдээнд тэмдэглэснээр, 2018 онд улс даяар цагдаагийн 144 албан хаагч амь үрэгдсэн нь өнгөрсөн оныхоос 12 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ амиа алдсан цагдаагийн албан хаагчдын дийлэнх нь галт зэвсгийн суманд өртсөн эсвэл зам тээврийн осолд орсон байжээ.


Үндэсний хууль сахиулах ажилтнуудын дурсгалд зориулсан сангийн төлөөлөгч Крейг Флойд энэ талаар хэлэхдээ, олон нийтийн аюулгүй байдлыг хангах нь маш аюултай хийгээд өндөр үнэ цэнээр олддогийг энэ тоон үзүүлэлт бидэнд харуулж байна гэжээ.


Харамсалтайгаар амь насаа алдсан албан хаагчдын тоог муж улсаар авч үзвэл, Техас, Калифорни, Флорида болон Нью-Йорк муж улсад тус тус 11 цагдаа амь үрэгдсэн байна. 

Related news