Согтууруулах ундаа худалдахыг хориглосон тусгай хөшиг хийж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-12-29 16:57:58

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Сонгино сум дахь Цагдаагийн хэсгээс сумынхаа тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд согтууруулах ундаа худалдахыг хориглосон өдрүүдэд лангуугаа хаадаг тусгай хөшиг хийж өгчээ.

Учир нь сар бүрийн тодорхой өдрүүдэд архи согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх  журмыг мөрдөн ажиллах үүрэгтэй худалдааны газрууд, дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнээ цаас, даавуу гэхчлэн зүйлүүдээр халхавчлаад өнгөрөөдөг байна. Мөн иргэд тухайн өдрийн журмыг мөрдөхөөс татгалзаж дэлгүүр, үйлчилгээний газруудын худалдагч нарт хүндрэл учруулдаг ажээ. Тэгвэл дээрх тусгай хөшгийг ашигласнаар худалдагч, үйлчлүүлэгч нарын хоорондын харилцаанд хүндрэл учрахгүй. Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэхэд ихээхэн ахиц гаргасан үр дүнтэй ажил болох юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй хамтран ажилласан үйлчилгээний газрын эздэд баярласнаа илэрхийлье хэмээн Сонгино сум дахь Цагдаагийн хэсгээс мэдээлэв. Дашрамд тус сум нь Улаанбаатараас Увс аймаг орох төв замыг дайран өнгөрдөг томоохон сум бөгөөд найман нэрийн болон архи согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээний газар, дэлгүүр олонтой сум юм. 

Related news