Хотын даргыг томилох НИТХ-ын хуралдаан 11 цагийн байдлаар эхлээгүй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-16 11:30:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн Засаг даргыг хэлэлцэн томилох НИТХ-ын ээлжит бус VI хуралдааныг өнөөдөр товлосон.

Гэвч 09.00 цагт “Хангарди” ордонд эхлэх хуралдаан 11.00 цагийн байдлаар НИТХ-ын 45 төлөөлөгчдийн ирц бүрдээгүйгээс эхлээгүй байна. НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлээд байгаа юм. С.Амарсайхан нь 1992-1993 онд Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн төвд ажилтан, 2000-2004 онд БНХАУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны консулын ажилтан, 2007 оноос “Оюуны ундраа” группийн гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар ажиллаж байгаад 2012 оноос НИТХ-д 2 удаа сонгогдон, НИТХ-ын даргаар ажиллаж байна.

Дашрамд мэдээлэхэд НИТХ-ын XXI ээлжит хуралдааныг энэ сарын 28-ны даваа гарагт хуралдахаар мөн тогтоод байна. Ээлжит хуралдаанаар “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр батлах тухай”, “Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын жагсаалт”, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Related news